2014 оны 1-р сарын 9-ний “Өдрийн сонин”-д гарсан бодлогын санал
Бэлчээрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал сүүлийн 20 жил яригдсан боловч өнөө хүртэл шийдэгдэхгүй байна. Хуримтлагдсан асуудлыг зөвөөр ойлгож, цаг алдалгүй шийдвэрлэхэд тус дөхөм болгох үүднээс баримт, судалгаанд тулгуурласан нийтлэлийг Бодлого судлалын төвөөс толилуулж байна.
Эзэмшүүлэх, гэрээгээр ашиглуулах ойлголтын тухай
Гадныханд үл итгэж, 1990-ээд оны эхээр анх эзэмшүүлэх (Монголчуудад), гэрээгээр ашиглуулах (гадныханд) хэмээн хоёр салгаж орхисон ойлголт нь зах зээл хөгжсөн орнууд дахь түрээслэх буюу лизинг (lease, leasing) гэдэг ойлголттой дүйнэ. Зорилго нь газрын нөөцийг зохистой ашиглах харилцааг өмчлөгч, ашиглагчийн эрх, үүргээр зохицуулахад чиглэдэг. Ашиглагчийн гол үүрэг нь газрын чанарыг талхлан доройтуулахгүй байхад чиглэдэг бол өмчлөгчийн үүрэг нь ашиглагчийн зүгээс үүргээ биелүүлэх боломж, нөхцлийг нь хангахад оршино. Тухайлбал, цаг агаар хэвийн нөхцөлд эзэмшсэн бэлчээрт бусдын мал орж талхлах, уул уурхай зэрэг бусад ашиглалтын зүгээс хохирол учруулахаас сэргийлэх, зөрчил маргааныг шийдвэрлэх үүргийг өмчлөгч буюу төр хүлээнэ. Бэлчээрийг үе уламжлан албан бусаар эзэмшиж ашиглаж ирсэн Монгол орны нөхцөлд бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг нь малчдын албан бус эрхийг цаасан дээр буулгаж, баталгаажуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл малчдын дутуу эдлээд байгаа эрхийг нь гүйцээж, хамгаалахыг хэлээд байгаа юм. Энэ нь мал аж ахуйг бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийн гольдрилд оруулах нийтийн эрх ашигт нийцэж байгаа юм.
Дэлгэрэнгүй…