Бодлого судлалын төв малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах журмыг боловсруулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэж өгөв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Бодлого судлалын төв нь Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах журмыг 2025 оны 5-7-р сард боловсруулав.

Энэхүү журам нь бэлчээрийг гэрээний дагуу даацад нь тохируулан хариуцлагатай ашиглах тухай эрх зүйн орчныг бүрдүүлэхээр 2024 оны 6-р сард УИХ-р батлагдсан дараах хуулиудыг амьдралд хэрэгжүүлэх зорилготой юм. Үүнд

  • Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай /2024-06-05 өдөр батлагдсан/
  • Малчны тухай /2024-06-05 өдөр батлагдсан/
  • Газрын хуулийн нэмэлт өөрчлөлт /2024-06-05 өдөр батлагдсан/

Дээрх хуулиудын дагуу урьд байгуулагдсан малчдын бүлэг, нөхөрлөл, бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ зэрэг малчдын албан бус байгууллагууд нь 10-с доошгүй өрхийг батгаасан хуулийн этгээдийн статустай албан ёсны байгууллага болж бүртгүүлэх бөгөөд ингэснээр зөвхөн бэлчээр ашиглалтын гэрээ байгуулаад зогсохгүй МАА-н бизнесийн бүхий л салбарт түншүүдтэйгээ эрх тэгш хамтран ажиллах давуу талыг би болгож байна.

Тухайлбал Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д “Анхдагч холбоо нь гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ” гэжээ.

Мөн Газрын хуулийн 52.2-д “Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно” гэжээ.

Бодлого судлалын төв нь гэрээт ажлын хүрээнд дараах үр дүнг хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

  • Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах журам
  • Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг ашиглуулах гэрээний загвар
  • Гэрээ байгуулах малчин өрхийн анхдагч холбоог байгуулах зөвлөмж

Эдгээр журам, заавар, зөвлөмж нь Бодлого судлалын төвөөс хэрэгжүүлсэн олон тооны төслүүдийн хүрээнд Монгол орын байгалийн бүх бүсүүдэд туршигдаж, амьдралд хэрэгжих боломжтой нь батлагдсан  үр дүнд суурилсан байна.