2023-2024 оны дараалсан зудын Монгол улсын мал аж ахуйн салбарт үзүүлсэн нөлөөллийг үнэлэв

НҮБ-н Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар Бодлого судлалын төв нь 2023-2024 оны дараалсан зудын мал аж ахуйн салбарт үзүүлсэн нөлөөллийг үнэлэв.

2023-2024 оны зуд нь үзүүлсэн хор уршгаараа сүүлийн жилүүдэд тохиолдсон хүнд гамшгийн тоонд орж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн аймгуудын хувьд нэн хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Улсын хэмжээнд 2023 онд 4.9 сая, 2024 онд 8.1 сая мал тус тус хорогдсон байна.

2023 онд малын хорогдол 6%-с давсан аймгуудад Хэнтий (16.9%), Сүхбаатар (12.5%), Увс (11.8%), Архангай (11.6%), Дархан-Уул (9.1%), Ховд (8.5%), Булган (6.8%), Өмнөговь (6.4%), болон Завхан (6.3%) аймгууд багтаж байгаа бөгөөд эдгээр аймгуудын малын хорогдол нь 2023 оны нийт хорогдлын 72%-г  эзэлж байна.

2024 онд малын хорогдол 6%-с давсан аймгуудад Сүхбаатар (47.2%), Говь сүмбэр (27.2%), Дорноговь (26.8%), Хэнтий (22.8%), Архангай (19.7%), Булган (15.8%), Төв (14.7%), Дорнод (12.4%), Дундговь (9.3%), Завхан (7.9%), Увс (7.1%), Хөвсгөл (6.8%), Баянхонгор (6.64%) орж, эдгээрийн хорогдол 2024 оны нийт малын хорогдлын 94% болж байна.

Зураг 1 2023-2024 онд хамгийн их хохирол амссан аймгууд, малын хорогдлын түвшин, %

Малын хорогдлын түвшин 6%-н босго давж байгаа нь эдгээр аймгуудад зудын нөхцөл байдал малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөр олгох түвшнээс илүү хүндэрснийг харуулж байна.

2023, 2024 онд зудад нэрвэгдсэн 16 аймгаас 6 аймаг буюу Сүхбаатар, Хэнтий, Архангай, Булган, Увс, Завхан аймгууд 2 жилийн зудад дараалан нэрвэгдсэний хор уршгаар Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгууд малынхаа гуравны нэгээс илүүг алдсан байна.

Ялангуяа Сүхбаатар аймаг 2023-2024 оны зудад нийт малынхаа 59.6 хувийг хорогдуулж, хамгийн их хохирчээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлснээр 2024 онд аймгийн малчин өрхийн 52.8% нь малынхаа 50-с дээш хувийг алсдан байна.

2023-2024 оны зудын нийт хохирол улсын хэмжээнд 2023 онд 1167.3, 2024 онд 1823.8 тэрбум, нийт 2991.1 тэрбум төгрөг болсон байна.

Зудын үр дагавар нь зөвхөн малын хорогдлоор хязгаарлагддаггүй, зудын дараа үлдсэн малын ашиг шим буурч, малчдын орлого буурах зэргээр үргэлжилж байна. 2024 онд зудын улмаас малын ашиг шимийн алдагдал 273.3 тэрбум төгрөг болж байна.

Сүүлийн 20 жилийн он дарааллаар авч үзвэл 2023-2024 оны зуд нь зөвхөн 2010 оны аюулт зудын дараа орох гамшиг болсон бөгөөд нийт хохирол, алдагдлын хэмжээ нь 2023 оны ДНБ-ий 2.17%, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 16.64%, 2024 оны ДНБ-ий 3.15%, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 30.9%-тай тус тус тэнцэж байна.