Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл нь 2021 оны 3-р сард үйл ажиллагаагаа эхэлсэн байна.
Энэхүү төсөл нь 7-н жилийн хугацаанд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжих юм. Төслийн зорилго нь зорилтот 4 аймагт экосистемийн үйлчилгээг хадгалж, дасан зохицох боломжит хувилбаруудыг нэвтрүүлэх замаар байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн хүн амын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байна.
2023 оны 5-р сард ADAPT төслийн зүгээс Бодлого судлалыг төвтэй гэрээ байгуулж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой бизнесийн хувилбаруудыг илрүүлэх, төр-хувийн хэвшил-малчдын түншлэлийг дэмжих, малчдын байгууллагуудын өртгийн сүлжээг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалтын үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий үйл ажиллагаануудыг эхлүүлсэн юм.
Энэхүү гэрээт ажлаас дараах үр дүн гарах юм. Үүнд:
- Төсөл хэрэгжиж буй дөрвөн аймагт малчдын байгууллага, төр-хувийн хэвшил-малчдын түншлэл /ТХХМТ/-ийн эрх зүйн орчин, засаглалын боломжит хэлбэрийг тодорхойлж, төслийн аймгуудад 20-с доошгүй (аймаг тус бүр 5 сум) ТХХМТ-ийн хамтын ажиллагааг бий болгох;
- Малчдын байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- 4 аймагт уур амьсгалд зохицсон ухаалаг мал аж ахуйн дадлыг сурталчлах зорилгоор хувийн компаниудын зүгээс хөрөнгө оруулах хувилбаруудыг тодорхойлох;
- Уур амьсгалд зохицсон ухаалаг мал аж ахуйн дадлыг сурталчлахад төр, хувийн хэвшил, хоршоодод бодлогын зөвлөмжөөр дэмжлэг үзүүлэх
2024 оны 11-р сарын байдлаар гэрээт ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд уламжлалт бэлчээрийн МАА-н салбарыг уур амьсгалд нийцсэн ухаалаг болгох чиглэлээр богино хугацаанд үр өгөөжөө өгөх боломжтой, харилцан уялдаа бүхий доорх загвар үйл ажиллагаануудыг санал болгож, ихэнхийг нь туршсан байна. Үүнд:
- Бэлчээрийг даацад нь нийцүүлэн хариуцлагатай ашиглуулах гэрээний тогтолцоог нэвтрүүлэх нь
- Малчдын бүлэг, хоршоог харилцан бие биеэ дэмжсэн байдлаар цогцоор нь хөгжүүлэх загвар
- Мал, түүхий эдийг нэг цэгт цуглуулан чанар, гарал үүслийн хянан баталгаа, анхан шатны ангилал ялгалт хийх нэг цэгийн үйл ажиллагаа
- Мал, малын түүхий эдийг гэрээний үндсэн дээр хэрэглэгч /боловсруулах үйлдвэр болон бусад/-дэд гэрээгээр нийлүүлэх
- Хурга махлуулж, нядалгааны жинд хүргэн борлуулах загвар
- Байгалийн нөөцийн менежмент, УАӨ-д дасан зохицох үйл ажиллагааны санхүүжилтийг тогтолцоог сайжруулах
- Малчдын бүлгийн түвшинд халдварт өвчингүй, эрүүл, тайван нутаг тогтоох загвар
- Малын эм, эмийн түүхий эдийн бүртгэл, малын эм, эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн систем бий болгох