НҮБ-ын ХХААБ-аас санхүүжилттэй бүс нутгийн төслийн хүрээнд Монгол улсад элсэн болон шороон шуурга /ЭШШ/-ны МАА-д учруулах эрсдэлийг үнэлэх загварыг боловсруулж, турших ажлыг 2021-2022 онд гүйцэтгэв.
Энэхүү төсөл нь мөн Монгол, Ирак, Иран улсын хөдөө аж ахуйд зориулсан ЭШШ-ны эрсдэлийг бууруулах үр дүнтэй төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн юм.
Монгол улсын хувьд ЭШШ-ны газар тариалангийн салбарт үзүүлэх нөлөөлөл харьцангуй бага (тариалангийн талбай нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 0.6 хувийг эзэлдэг) бөгөөд түүний ихэнх хэсэг нь ЭШШ-д бага өртдөг нутгийн хойд хэсэгт байрладаг.
Хөдөөгийн хоёр сум (Дундговь аймгийн Сайнцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд) судалгаанд хамрагдсан.
ЭШШ-ны эрсдэлийг бууруулах төлөвлөлтийн үйл явцыг гурван үе шаттайгаар боловсруулсан: (i) ЭШШ-ны эрсдэлийг мал аж ахуйн салбарт тодорхойлох, (ii) судалгааны бүс нутагт эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийх; (iii) тухайн бүс нутагт хамаарах ЭШШ-ны эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулахын тулд орон нутгийн түвшний оролцогч талуудтай зөвлөлдөх үйл явц. Бүс нутгийн онцлогийг харгалзан болзошгүй эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд ирээдүйд малчдын ЭШШ-д өртөх магадлал, эрсдэлийг бууруулахад туслах арга хэмжээг тусгасан болно.
ЭШШ-ны эрсдэлийг аюул, эмзэг байдлын магадлалаар тодорхойлсон бол эмзэг байдлыг өртөнгө болон эмзэг байдал буюу даван туулах чадавхаас хамааруулан тодорхойлсон. Аюул, өртөнгө, даван туулах чадвар зэрэг бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг ямар үзүүлэлтээр хэмжихийг тодорхойлсны гадна тэдгээрийн хувийн жинг тооцох замаар эрсдэлийн үнэлгээнд харьцангуй ач холбогдлыг нь тогтоосон болно.
Монголын жишээн дэх судалгааны үр дүн, дүгнэлтийг дэлгэрэнгүй тайланд тусгалаа /Тайланг Англи хэл дээр хавсаргав/. 1-р бүлэг нь Монголын хөдөө аж ахуйн салбар дахь ЭШШ-ны эрсдэлийн талаарх ойлголтын талаар өгүүлсэн болно. Үүнд ЭШШ болон түүний эх үүсвэртэй холбоотой үндсэн ойлголтуудын талаарх судалгааны тойм, ЭШШ-ны эрсдэлийг тооцоолох арга зүй, ЭШШ-ны хамрах хүрээ, нөлөөлөл, ялангуяа мал аж ахуйд үзүүлэх нөлөө, Монгол дахь ЭШШ-ны эрсдэлийг тооцох орчин үеийн судалгааны талаарх мэдээллийг багтаасан болно.
2-р бүлэгт ЭШШ-ны эрсдэлийг бууруулах өнөөгийн бодлого, эрх зүйн орчныг тоймлон харуулсан ба Монгол улсын холбогдох институцийн бүтцийг тодорхойлсон байна. НҮБ-ын ХХААБ-ын төслөөс дэвшүүлсэн ерөнхий арга зүйд үндэслэн мал аж ахуйн салбар дахь ЭШШ-ны эрсдэлийн үнэлгээний загварыг боловсруулах аргачлалыг санал болгож, янз бүрийн байгууллагын түвшинд оролцогч талуудтай зөвшилцөж, туршсан байна. Энэ үйл явцыг 3-р бүлэгт үзүүлэв. 4-р бүлэгт хоёр сумын оролцогч талуудтай зөвшилцсөний үндсэн дээр боловсруулсан ЭГГ-ны эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний жишээг үзүүлэв. Төлөвлөгөөг боловсруулахдаа хоёр сумын нарийвчилсан суурь судалгаанд тулгуурлан орон нутгийн засаг захиргаа, малчин өрхийн түвшинд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон. Төлөвлөгөөгөө бусад сумдад хялбархан нэвтрүүлэх боломжтой байхаар боловсруулсан байна. 5-р бүлэгт дүгнэлт болон дараагийн алхмуудыг санал болгож байна.