Бэлчээрийн хуулийн төслийн талаар орон нутгийн хэлэлцүүлэг зохион байгуулав

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Бэлчээрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2018 оны 07-08-р сард Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 12 аймгийн 12 сумын  516 малчид, аймаг, сумын 86 албан хаагчид, нийт 602 хүнийг хамруулан Бодлого судлалын төвөөс зохион байгуулав.

Малчдын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн (71.5%), оготно, царцаа ихэссэн (43.0%), бэлчээрийн маргаан, зөрчил ихэссэн (42.5%), усгүй (36.3%), гаднаас нүүдэллэн ирэгсэд ихсэж бэлчээр хүрэлцэхгүй байна (30.6%) гэсэн асуудлуудыг бэлчээр ашиглалтын хүрээн дахь хамгийн тулгамдсан хурц асуудал гэж үзэж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх (78.9%) одоогийн Газрын хууль дээрх тулгамдсан асуудлыг зохицуулж огт чадахгүй, аль эсвэл зөвхөн заримыг нь зохицуулж байна, иймд бэлчээрийн тухай хуулийг гаргах гарцаагүй шаардлагатай (77.9%) гэж үзэж байна.

2016 оны хэлэлцүүлгийн дүнтэй харьцуулан үзвэл Газрын одоогийн хуулиар бэлчээрийн тулгамдсан асуудлыг шийдэж чадаж байна гэсэн хариулт 3.0 пунктээр, зарим асуудлыг зохицуулж чадаж байна гэсэн хариулт 9.8 пунктээр буурч, харин зохицуулж чадахгүй байна гэсэн хариулт 7.5 пунктээр нэмэгдсэн байна. Мөн бэлчээрийн тухай бие даасан хууль шаардлагатай гэсэн хариулт 4.4 пунктээр нэмэгдэж, шаардлагагүй гэсэн хариулт 1.5 пунктээр буурсан нь бэлчээрийн асуудлыг одоогийн Газрын хуулиар зохицуулах боломжгүй, бэлчээрийн хууль шаардлагатай гэсэн итгэл үнэмшил илт нэмэгдэж буйг харуулж байна.

2016 онд хийсэн хэлэлцүүлгээр бэлчээрийн талхагдал, түүнээс улбаалсан малын ашиг шимийн доройтол, байгалийн гамшиг, уул уурхай, чинээлэг улсуудад бэлчээр ашиглах эрхээ алдах зэрэгт хамгийн их хохирдог тул ядуу малчид хуулийн төслийг илүү их дэмжиж байсан бол чинээлэг малчид хуучин хэвээр малаа өсгөөд явах боломж байхгүй болж гэдгийг ойлгож, хуулийг илүү дэмжих болсон нь 2018 оны хэлэлцүүлгийн дүнгээс харагдаж байна.

Ийнхүү хэдийгээр бэлчээр ашиглалтын асуудал, түүний шийдэл байгалийн бүсээр ялгаатай боловч бодит амьдрал, малчдын эрэлт хэрэгцээ ийнхүү бэлчээрийн эрх зүйн орчныг зайлшгүй өөрчлөх шаардлагатайг харуулж байна.

Бэлчээр ашиглах эрх мэдлийн хүрээнд нийгмийн ялгарал хүчтэй явагдаж, 200 хүртэл малтай ядуу өрхүүдийн 26.6 хувь нь өөрийн өвөлжөөгүй, 30.8 хувь нь хаваржаагүй болсон бол чинээлэг малчид 2-4 өвөлжөө, хаваржаатай болсон дүн судалгаанаас харагдаж байна.

Түүнчлэн шинэ хуулийг баталснаар гарах нөлөөллийн үнэлгээг хэлэлцүүлгийн явцад хийлээ. Үнэлгээний дүнгээс дурдвал дийлэнх малчид бэлчээр хамгаалах хууль батлагдсанаар бэлчээрийн даац сайжирна (57.3%), малчид малын тоог бус чанарыг анхаардаг болно (49.9%), Бэлчээр сайжирснаар малын тарга хүч ашиг шим нэмэгдэнэ  (48.2%),  ган зудын эрсдэлээс илүү хамгаалагдана (37.1%) гэсэн эерэг хүлээлттэй байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос бэлчээрийн тухай хуулийн төслийн зарим маргаантай заалтуудын талаар санал авсан болно. Хуулийн төслийн санал зөрөөтэй байсан 9 заалтаар хэлэлцүүлэгт оролцогчдын  саналыг авахад тэдгээрийг засаж сайжруулахыг оролцогчдын 43.37-63.47 хувь нь дэмжсэн байна. Орон нутгийн хэлэлцүүлгээс болон ХХААХҮЯ-ны ажлын хэсгээс гарсан санал зөвлөмжийн тусган хуулийн төслийг дахин хянаж засварласан болно.