АМЕРИКУУДЫН 100 ЖИЛИЙН ӨМНӨ ШИЙДСЭН АСУУДЛЫГ МОНГОЛЧУУД ӨНӨӨДӨР ШИЙДЭЖ ЧАДАХ УУ?

Өнөөдөр сонины 2018 оны 2-р сарын 5-ны дугаарт гарсан нийтлэл

Америкийн сургамж ба өнөөгийн зохицуулалт

Үнэ төлбөргүй ашигладаг, хэмжээ хязгааргүй мэт санагдах төрийн өмчийн бэлчээрийн шүүсийг шавхан малынхаа тоог өсгөн ашиг олох сонирхол АНУ-д 1800-д оны сүүлээр давамгайлж байв. 1870-1900 оны хооронд үхрийн тоо 4.1 саяас 19.6 сая, хонины тоо 4.8 саяас 25.1 сая болж 4-5 дахин өсжээ. Ийнхүү хүний шунал, байгалийн орчны доройтлыг үл хайхран хэнэггүй байсны харгайг Америкууд хожуу ч гэсэн ухаарчээ. 1900-д оны эхэн үед баруун мужууд дахь бэлчээрийн доройтол, цөлжилтөөс улбаалсан шороон шуурга зүүн эрэг дахь нийслэл Вашингтонд хүрч гамшиг учруулах болсон, нөгөө талаас эдийн засгийн их хямрал нь улс төрийн зоримог шийд гарах түлхэц болсон байна.

1934 онд бэлчээр ашиглалтыг зохицуулах анхны хууль болох “Тейлорын бэлчээрийн хууль” /Taylor Grazing Act/ -г баталснаар бэлчээрийн үнэ төлбөргүй, эмх замбараагүй ашиглалтад цэг тавьж чадсан байна. Хуулиар төрийн өмчийн бэлчээрт нүүрлэсэн хохирол, доройтлыг зогсоох, зохистой ашиглалтыг хангах, хамгаалж, сайжруулах, МАА-н салбарыг тогтвортой болгох гол зохицуулалтуудыг хийж өгөн байна. Малчдад ашиглуулах бэлчээрийн талбайн хил зааг, түүн дээр бэлчээх малын тооны хязгаарыг тогтоох, бэлчээрийн амралт, сэлгээг нэвтрүүлэх, эдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих болж, шаардлагатай  санхүүжилтийг бэлчээр ашиглуулсны төлбөрөөс гаргах болсон байна. Төрийн өмчийн бэлчээрийн ашиглалтыг зохицуулдаг гол байгууллага нь Дотоод хэргийн яамны Бэлчээрийн менежментийн товчоо (Bureau of Land Management) юм. “Төрийн өмчийн газрын эрүүл мэнд, олон янз байдал, бүтээмжийг хадгалж, өнөө болон ирээдүй үеийн сайн сайхны төлөө зохистой ашиглах” гэсэн уриатай энэхүү байгууллагын мэдэлд АНУ-н голдуу баруун 12 муж дахь төрийн өмчийн 99 сая га газар байдгаас 65 саяыг нь бэлчээрийн зориулалтаар намар, өвөл, хаврын улиралд зонхилон ашиглуулж байна. Түүнээс гадна Хөдөө аж ахуйн яамны Ойн үйлчилгээний газар (Forest Service) нь 29 мужийн өндөр уулархаг бүсийн  нийт 38.5 сая га газрыг зун-намрын улиралд бэлчээрт ашиглуулдаг байна. Бэлчээр ашиглах байнгын эрхийг нэг удаа 10 жилээр, түр эрхийг 1 жил хүртэлх хугацаагаар малчид/фермерүүдэд гэрээгээр олгож байна. Бэлчээрийн төлбөрийг үхэр-сараар тооцдог бөгөөд нас гүйцсэн 450 кг амьдын жинтэй 1 үхрийг 1 адуу, 5 хонь буюу ямаатай тэнцүүлдэг. 1 үхэр 1 сард бэлчээрээс хуурай жинд шилжүүлснээр 270 кг өвс иднэ гэж тооцдог бөгөөд төлбөр нь 2016 оны байдлаар 2.11 ам доллар  байна. Үүнийг хонинд шилжүүлбэл 0.42 (2.11:5) ам доллар буюу жилийн 5 (0.42 x 12) ам доллар /12200 төгрөг/ болж байна. Бэлчээрийн одоогийн мөрдөж байгаа төлбөрийг анх 1966 оны судалгаанд тулгуурлан тогтоосон бөгөөд махны үнэ, малын тэжээлийн үнэ зэргийг харгалзан жил бүр индексжүүлж, өөрчилдөг, гэхдээ нэг жилийн хэлбэлзэл нь 25%-с ихгүй, суурь төлбөр 1.35 ам доллараас багагүй байхаар зохицуулсан байна. Бэлчээрийн төлбөрийн орлогыг Бэлчээрийн менежментийн товчоо, Ойн үйлчилгээний газрын орон нутгийн салбарууд хураан авч бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хамгаалж сайжруулах зардлыг санхүүжүүлдэг байна.

Монголын өнөөгийн нөхцөл байдал

2017 оны эцэст Монгол улс 66.2 сая мал тоолуулж, түүхэн дээд амжилт тогтоов. “Дэлхий дэлэгнэнэ”, “Хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ” гэдэг зарчмаар үнэгүй бэлчээрт малчин, мал бүхий иргэд, бөх, бөө, уяач… гээд бүгд л хошууран дайрч малаа өсгөсний нөгөө талд бэлчээрийн даац хэтрэн цөлжиж, 1900-д оны үеийн Америкийн эмгэнэл яг давтагдаад байна. 2014 онд улсын мэргэжлийн байгууллагуудын хийсэн үнэлгээгээр Монгол орны 110 сая га бэлчээрийн 65% доройтолд өртөж, 7% буюу бүхэл бүтэн аймагтай тэнцэх бэлчээр дахин сэргэхгүй болтлоо доройтсон байна. Малаа өсгөөд малчид, МАА-н салбар  хожив уу гэвэл үгүй. Малыг дүүрэн идэштэй байлгая гэвэл хуурай жинд шилжүүлснээр нэг хонин толгойд жилдээ 560 кг бэлчээрийн тэжээл хэрэгтэй. Бэлчээрийн 5 жилийн улсын дундаж ургац 2014 оны байдлаар 240 кг байна. Бэлчээрийн даацыг өнтэй жилийн биш дундаж аль эсвэл тааруу жилийн ургацаар тооцдог. Ингээд тооцвол 1 хонин толгойд 2.3 га (560:240) бэлчээр байвал оновчтой буюу улсын хэмжээний 110 сая га-д 48 (110:2.3) сая хонин толгой мал байвал дүүрэн идэштэй байна. Өнөөдрийн 66.2 сая малыг  хонин толгойд шилжүүлбэл 110 сая болж байгаа нь 1 хонин толгойд 1 га бэлчээр ноогдож, оновчтой даацаас 2.3 дахин хэтэрсэн байна.  Өөрөөр хэлбэл 1 малын дүүрэн идэштэй байх хэмжээний бэлчээрийг 2.3 мал хувааж идэж, мал идвэл зохих хэмжээнийхээ 43.4% (1:2.3)-г л идэж, 56.6%-р дутуу хооллож байгаа юм. “Тарган мал тал бүрийн ашигтай” гэж манай малчид ярьдаг шиг мал эмнэлэг, мал зүйн шинжлэх ухаанд малыг эрүүл байлгаж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх суурь нөхцөл бол бүтэн хооллолт гэж үздэг. Энэ байдал алдагдсанаас мал давжааран ашиг шим нь буурч, эрсдэлд амархан өртдөг, өвчлөмтгий болж, чанар нь муудан зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж, экспортод гарч чаддаггүйгээс үнэ  цэнэ нь нэмэгдэхгүй харин ч буурч байна. Хэрвээ дотоодын махны хэрэглээнд баталсан стандартаа  мөрддөг байсан бол туранхай, эрүүл биш, эмийн үлдэгдэлтэй, ариун цэврийн шаардлага хангахгүй гээд маш олон шалтгаанаар өнөөдөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа мал, мах тэнцэхгүй гологдох байв.  1961 онд борлуулсан үхрийн амьдын жин 248 кг, оны эхний нэг үнээнээс үйлдвэрлэх сүү 344  литр байсан бол 1991 онд эдгээр үзүүлэлт 245 кг, 323 литр болж буурсан, үүнээс хойш улсын статистик үзүүлэлтээс хасагдаж, бүр хэмжихээ ч байсан юм. 2005 онд хийсэн эрдэмтдийн судалгаагаар бэлчээрийн доройтлоос шалтгаалан хонины амьдын жин 48-с 44 кг, ямааных 35-с 33 кг болж, хонины ноос, ямааны ноолуурын гарц 2-8%-р буурсан гэсэн дүн гарчээ. Зөвхөн эдгээр гуравхан  үзүүлэлтээр тооцоход малын ашиг шим буурснаас малчин өрхийн орлогын алдагдал жил бүр 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.

Ийнхүү жалгын нэг тарж, малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зудаар бүр ч илүү хохирдог чөтгөрийн тойргоос малчдыг гаргаж, МАА-н салбарыг тогтвортой хөгжлийн замд хэрхэн  оруулах вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна.

Малчид яагаад малын толгойн тоогоор  хөөцөлддөг вэ, тэд буруутай юу?

Нөхцөл байдалдаа тохируулан хамгийн хямд аргаар хөрөнгө, орлогоо нэмэгдүүлэх гэж өрсөлдөн уралдах нь зах зээлийн эдийн засгийн зарчим юм. Малчинд үйлчилж байгаа сонирхлын өнөөгийн механизм дараах зүйлд оршиж байна. Үүнд:

  • Бэлчээр, түүн дээр байгаа ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладгийн зэрэгцээ даацыг нь хэтрүүлж талхалсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй нийтээр дундаа ашигладаг тогтолцоо
  • Малын тоог бэлчээрийн даацад тохируулахад урамшуулах хөшүүрэг байхгүй
  • Мал, бүтээгдэхүүний чанарыг хөхүүлсэн эдийн засгийн урамшууллын, нэн ялангуяа үнийн урамшууллын тогтолцоо байхгүй
  • Мал, бүтээгдэхүүний чанарын хяналт, стандартын тогтолцоо ажиллахгүй байна

Ийм нөхцөлд малынхаа тоог өсгөх нь хөрөнгө, орлогоо өсгөх хамгийн амар арга гэдгийг өнөөдрийн эрх зүй зохицуулалтын орчин, сонирхлын  механизм малчдад тулган хүлээлгэсэн байна,  малаа өсгөсөнд малчныг буруутгах аргагүй байх нь.

Бэлчээрийг зохистой ашиглах үндсэн хоёр хөшүүрэг байдаг нь бэлчээрийн эрхийг баталгаажуулах ба бэлчээрийн төлбөрийг нэвтрүүлэх явдал юм. Бэлчээрийн эрхийг баталгаажуулна гэдэг нь ашиглалтын хил заагийг тогтоож, даац хэтрүүлэхгүй байх үүргийг албан ёсны гэрээгээр хариуцуулж, бэлчээрээ зохистой ашиглах, хамгаалж, сайжруулахад оруулсан хөрөнгөө тухайн ашиглагч өөрөө хүртдэг механизмыг бүрдүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь орж идээд байдаг нийтийн бэлчээрт хөрөнгө оруулж, хамгаалах сонирхол хэнд ч төрдөггүй, үүнийг өөрчилнө гэсэн үг. Бэлчээр ашиглалтын төлбөр нь малын тоог өсгөснөөс болоод бэлчээрт учирч байгаа нөлөөллийг үнэлж, малаар дамжуулан төрийн өмчийн бэлчээрээс ашиг хүртэж байгаа малчинд хариуцуулах арга юм. МАА-н үйлдвэрлэлийн зардал нь тухайн малчин өрхийн өөрийн гаргасан хүн хүч, тэжээл, эм тарилга, тээвэр гэх мэт “дотоод” зардал, “гадаад” зардлын нийлбэрээс бүтнэ. Гадаад зардал нь бэлчээрийг ашигласны болон түүнд хор хохирол учруулсан бол тэр хэмжээгээр нийгэмд учирч байгаа зардал юм. Гадаад зардлыг малчин үүрэхгүй байгаа учраас ямар хэмжээтэй гарах нь сонирхлыг нь татахгүй байна. Эдгээр сонирхлын үндсэн механизмууд бэлчээрийг нийтээр ашигладаг өнөөгийн тогтолцоонд байхгүй байгаа хэрэг. Иймээс малын тоогоо өсгөөд байгаа нь малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байгаа хэрэг.

Эдийн засгийн сонирхлыг эдийн засгийн сонирхлын хөшүүргээр л шийдэж чадна

Малын тоогоор хөөцөлдсөн малчдын сэтгэлгээг хөрөнгө, орлогоо өсгөх гэсэн эдийн засгийн сонирхлоор нь дамжуулж өөрчлөхөөс өөр гарц байхгүй. НҮБ-ны Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилттэй “Биологийн олон янз байдлын санхүүгийн санаачилга” төслийн захиалгаар Бодлого судлалын төвөөс ийм гарц бүхий бэлчээрийн төлбөрийг тооцох, орлогыг хураах, захиран зарцуулах санал боловсруулсныг толилуулж байна. Төлбөрийг тооцоход дараах зарчим баримтлав. Үүнд:

  • Төлбөрийн хэмжээ нь бэлчээрийн чанар, байршил, малын төрөл, бэлчээрийн даац хэтрэлтийн төвшнийг харгалзан бэлчээр ашиглагчдаар ялгавартай байна.
  • Төлбөрийн орлогыг эргүүлээд орон нутагт бэлчээр, эрсдэлийн менежмент, байгаль орчныг хамгаалахад зарцуулна
  • Төлбөрийн түвшин нь малчид, нэн ялангуяа ядуу малчдад санхүүгийн дарамт болохооргүй, Төсвийн хуулийн 58-р заалтын дагуу бэлчээрийн менежмент, МАА-н эрсдэл, байгаль хамгаалах ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах сумын төсвийн хэрэгцээг  харгалзсан байна.

 

Бэлчээрийн суурь төлбөрийг 1 хонин толгойд 500 төгрөгөөр тогтоож, үүнээс 135 төгрөгийг сумын мэдэлд үлдээж, бэлчээрийн менежмент, МАА-н эрсдэл, байгаль хамгаалах сум, багийн нийтлэг арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Үлдэх 365 төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд шилжүүлж, “МАА-н эрсдэлийн сан” /МААЭС/ байгуулан бэлчээрийн менежмент, МАА-н эрсдэл, байгаль хамгаалах чиглэлээр малчдын бүлэг, нөхөрлөлөөс ирүүлсэн саналыг санхүүжүүлэхэд зарцуулна. Бэлчээрийн даац хэтэрснээс болоод суурь 500 төгрөг дээр нэмэгдэж ирж байгаа 300 орчим төгрөгийг мөн орон нутгийн хөгжлийн санд шилжүүлж, “Малын чанарын урамшууллын сан” /МЧУС/ байгуулан сумын төвд зохион байгуулах малын чанарын нэгдсэн хяналтаар оруулж, тэнцүүлсэн малын толгой дутам олгоно. Энэ нь нэг хонин толгойд 2500 төгрөг болно, учир нь нийт малд ноогдуулсан бэлчээр ашиглалтын төлбөрийн 300 орчим төгрөг нь зах зээлд борлуулах малд ноогдуулахаар (нийт малын 13 орчим хувийг зах зээлд борлуулдаг тул ) 8 дахин өсөж ирнэ. Ингэснээр малчид зохион байгуулалтгүйгээс болоод боловсруулах үйлдвэр, хэрэглэгчидтэй шууд холбогдож чаддаггүй, ченжүүд ашгийн дийлэнхийг хүртдэг, малчид мал, махыг хотноосоо, гараар нядлан борлуулдгаас стандартын шаардлагад нийцсэн хянан баталгаагүй, экспортод гаргаж чаддаггүй дутагдлыг арилгах эдийн засгийн урамшууллын механизм бий болно. Чанарын хяналтаар тэнцэж гэрчилгээжүүлсэн малыг бүртгэж ээмэглэж (нийт малаа ээмэглэх урьдын оролдлого буруу, зардал ихтэй, зах зээлд борлуулах малыг бүртгэж ээмэглэнэ), сумандаа бөөгнүүлэн хоршоогоор дамжуулан стандартын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэрт гэрээгээр илүү өндөр үнээр нийлүүлж, малчдын орлогыг өсгөнө, зах зээлд чанарын баталгаатай  аюулгүй хүнс нийлүүлнэ, экспортыг өсгөнө. Дээрх зарчмаар тооцсон төлбөр болон зарцуулалтын тооцоог дор үзүүлэв.

Үзүүлэлт Өндөр уул Ойт хээр Хээр Говь Их нуурын хотгор
Өрхийн нийт орлого мян. төг 14163 16581 18664 14327 16392
1 хонин толгойн тооцоо, төг
1 хонин толгойд ногдох орлого 22835 22764 19327 17830 19211
Бэлчээрийн төлбөр 845 828 764 802 838
Сумын санд 135 135 135 135 135
МААЭС 365 365 365 365 365
МЧУС 345 328 264 302 338
Дундаж сумын тооцоо
Төлбөрийн орлого, сая төг 323 305 334 283 289
Үүнээс зарцуулалт, сая төг:
Сумын мэдэлд үлдэх 52 50 59 48 47
МААЭС-с малчдад олгох 140 134 159 129 126
МЧУС-с малчдад олгох 131 121 116 106 116
Дундаж малчин өрхийн тооцоо, мянган төг
Бэлчээрийн төлбөр төлөх 524 603 739 644 716
Буцаагаад ашиг хүртэх 440 505 607 536 600

Дээрх тооцооноос үзвэл малчин өрхийн нийт орлого хүнсэнд хэрэглэсэн мах, малын өсөлтийг оруулаад 14.2-18.7 сая төгрөг, 1 хонин толгойд ногдох орлого  17.8-22.8 мянган төгрөг, бэлчээрийн төлбөр 1 хонин толгойд 800 орчим төгрөг болж байгаа нь орлогын 4% орчим болох юм. Малчид бэлчээрийн төлбөрийн 80 гаруй хувийг сангуудаар дамжуулан буцаагаад авч байгаа тул тэдэнд дарамт болох бус харин ч бэлчээрээ зохистой ашиглаж, хамгаалах, МАА-н эрсдэлтэй тэмцэх  хөрөнгийн эх үүсвэрийг нь бүрдүүлж өгөх юм. 1 хонин толгойд 135 төгрөг нь сумын мэдэлд үлдэж байгаа нь 2009 оныг хүртэл малчдын төлж байсан орлогын татвараас бага хэмжээ юм. Учир нь тэр үед 1 хонин толгойд 100 төгрөг төлж байсан нь одоогийн ханшаар 190 төгрөг болж байгаа нь 135 төгрөгөөс 40%-р илүү байгаа юм.

Малчид төлбөрийн орлогоос ашиг хүртэхдээ дараах нөхцөлийг хангана. Үүнд:

  • Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан бол малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх тухайн жилийн үүргийн биелэлтийн хувиар МААЭС болон МЧУС-с ашиг хүртэнэ.
  • Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулаагүй бол зөвхөн МЧУС-с ашиг хүртэнэ, гэхдээ бэлчээрийн хил заагаа (бүлгээр) тодорхойлж, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх төлөвлөгөө гарган бүлгийн хурлаар батлуулсан байна.

Малын тоог хязгаарласнаар малчдын орлого буурах уу гэдэг асуулт гарна. Бодлого судлалын төвөөс хийсэн 5 жилийн сүргийн эргэлтийн тооцоогоор малаа одоогийнх шиг жилд 10% орчим өсгөөд явбал дундаж малчин өрхийн мөнгөн орлого 5 жилийн дараа 10.5 сая болж өсөх бол, малаа бэлчээрийн даацад нийцүүлэн чанаржуулж, борлуулалтаа өсгөснөөр мөнгөн орлого 13.6 сая болж 30%-р илүү өсөж байна.

Бэлчээрийг төлбөртэй болгосноор дараах эерэг үр дүн гарна. Үүнд:

  1. Бэлчээрийн үнэ цэнэ, доройтуулсны хор холбогдлыг ойлгуулж, малын тоог биш, харин бэлчээрийн даацад нийцсэн чанартай мал, бүтээгдэхүүнийг эрхэмлэх эдийн засгийн хөшүүрэг, хариуцлагын механизм бий болж, МАА-н салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар дээшилж, мал, бүтээгдэхүүний үнэлэмж, малчдын орлого нэмэгдэнэ, хэрэглэгчийн хүнсний аюулгүй байдал сайжирна.
  2. Орон нутгийн хөгжлийн сангийн уул уурхайн хамаарлыг хязгаарлаж, сумын төсвөөр хэрэгжүүлэх бэлчээрийн менежмент, МАА-н эрсдэл, байгаль хамгаалах ажлыг санхүүжүүлэх тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлж, үр өгөөж нь дээшилнэ.
  3. Эрсдэл, гамшгаас хамгаалах сантай болсноор малчид, орон нутаг төр засгаа хардаг, төр засаг нь олон улсын байгууллагаас хандив, тусламж гуйдаг, цаг хугацаанд хавчигдан үр ашиг муутай зарцуулдаг тогтолцоог хална
  4. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бэлчээр, МАА-н талаар туссан заалтууд хэрэгжинэ.

Бэлчээрийн төлбөрөөр улсын хэмжээнд 102 тэрбум төгрөг төвлөрөх бөгөөд үүнийг сум дүүргийн төсөвт суулган дээр дурдсанаар хуваарилах юм. Бэлчээрийн төлбөр нь татвар биш, үйлдвэрлэлийн зардлын төрөл болж явдаг бөгөөд малчдын орлогыг дахин хуваарилж, бэлчээр, эрсдэлийн бэлтгэлд нь зарцуулах хөрөнгийн баталгаатай эх үүсвэр бүрдүүлэх арга юм. Ийм механизм байхгүйгээс малчид өвөлжилт, эрсдэлийн бэлтгэлийг дутуу хангадаг, үүнээс болж ихээхэн хохирол амсдаг түгээмэл дутагдал байгаа юм. Энэ утгаар МАА-н эрсдэлийн санг “Малчдыг дэмжих сан“, “МАА-н тогтвортой хөгжлийн сан”, “Бэлчээр хамгаалах сан” гэж нэрлэж болох бөгөөд агуулга нь нэг юм. Боловсруулсан саналыг ХХААХҮЯ, СЯ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагын зарим газар, хэлтэс, аймаг, сумд, малчдын төлөөллөөр хэлэлцүүлэхэд зарчмын хувьд бүрэн дэмжиж байсан бөгөөд гагцхүү улс төрийн шийд хэрэгтэйг сануулж байв. Бэлчээрийн төлбөрийг байршил харгалзан засварлах тухайлбал, алслагдсан, хил орчмын бүс нутагт бууруулах, хот суурины орчим нэмэгдүүлэх, ямаа, адуун дээр өсгөж, тэмээ, үхэр дээр бууруулж тооцох, нүүдлийн үед давхардуулж авахгүй байх, өөрийн хэрэгцээнээс илүү их бэлчээртэй бол төлбөрийг хонин толгойгоор биш га-р тооцож авах, жилээс богино хугацааны ашиглалтын төлбөрийг хонь-сараар тооцох, үнийн өөрчлөлтийг харгалзан 3-5 жил дутам засвар оруулах, халдварт өвчин зэрэг давагдашгүй хүчин зүйлийн үед чөлөөлөх, хөнгөлөх эрхийг орон нутагт олгох зэрэг уян хатан механизмуудыг оруулсан болно. Боловсруулсан арга зүйгээр Монгол улсын 5 бүс, 330 сумын дундаж төлбөрийг тооцон гаргасан бөгөөд цаашид хот айл зэрэг бэлчээр ашиглагчийн хамгийн жижиг нэгжээр тооцох боломжтой байдлаар боловсруулсан юм.

Бэлчээрийн төлбөрийн механизмыг нэвтрүүлэх эрх зүйн гарц бэлэн байгаа бөгөөд Газрын төлбөрийн хуулийн малчдыг бэлчээрийн төлбөрөөс чөлөөлсөн 8.1.1 дэх заалтыг хүчингүй болгож, холбогдох хууль, журамд бага зэрэг өөрчлөлт оруулах шаардлага гарна. Үүнийг шийдвэрлэхэд Засгийн газар, ялангуяа ХХААХҮЯ, СЯ, БОАЖЯ, ОБЕГ болон УИХ-ын гишүүдийн манлайлал хэрэгтэй байна.

 

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ