НҮБ-ын ХХААБ-ын захиалгаар баруун таван аймагт гарсан бог малын мялзан өвчний нийгэм эдийн засгийн үнэлгээ хийх ажлыг 2017 оны 10-11 сард гүйцэтгэв.
Судалгааг хийхдээ өвчин анх гарч олон сумдыг хамарсан, өвчлөл, хорогдол ихтэй Ховд аймгийг судалгааны гол аймгаар сонгон бог малын мялзан өвчинд их өртөж хорогдол их гарсан Булган сум, өвчнийг анх оношилсон, дундаж хорогдолтой Мянгад сум, сумын хэмжээнд хорио цээр сайн хэрэгжүүлсэн цөөн айлын мал өвчилсөн, хорогдол багатай Мөнххайрхан сумдыг төлөөлүүлэн сонгож авсан болно.
Өвчлөл анх 2015 оны 7-р сарын сүүлээс эхэлж, 2016 оноос Булган голын доод хөндийг бүхэлд нь хамарсан том голомт үүсжээ. Ховд аймгийн Булган, Үенч, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган сумын айлууд Булган голын дунд цутгалуудад зусланд гарч, Цүнхэл зэрэг голуудад бөөгнөрч, том голомтууд үүсжээ. Вирус тарахад улирлын нүүдэл чухал үүрэгтэй байснаас гадна бэлчээрийн даац хэтэрсэн нутагт вирус түргэн тархаж, том голомт үүсэж, олон сүрэг өртөж байна. Цүнхэлийн голд Булган, Үенч, Баян-Өлгийн Булган, Мөнххайрхан, Мөстийн малчид хамт зусаж, том голомт үүсжээ.
Бөхөнгийн том голомт үүсэхэд орооны үе таарч, хөдөлгөөн идэвхэжсэнтэй холбоотой. Мөн бэлчээр нь цастай болж, нүүдэл нь идэвхэжсэн.
Мялзангийн оношилгоо цаг алдсан, хэтэрхий оройтсон, малын эмчийн мэдлэг, чадвар дутсан байна. Малын эмч нар өөрсдөө оношилж чадаагүй, зохих мэргэжлийн байгууллагад хандаагүй давхар алдаа гаргажээ.
Мал өвчилсөн суманд голомтыг тойрсон, өвчилсөн сүрэгтэй гарцаагүй хавьтах, нэг ус, бэлчээрт хамт байх айлуудын мал сүргийг вакцинжуулсан нь цагаа олсон, байгаа оносон байна. Мөст, Жаргалант, Буянт, Ховд, Дуут, Дөргөн, Эрдэнэбүрэн сумын хавьтах эрсдэлгүй, хөл хорио, хязгаарлалтаар таслан сэргийлэх боломжтой нутгийн малыг вакцинжуулсан нь илүүджээ. Булган, Үенч, Мөнххайрхан, Мянгад суманд бараг бүх айлын мал өвчилсөн, дэгдэлт унтарсан хойно вакцинжуулсан нь илүүджээ.
Эл өвчнийг эрт оношлох боломжийг алдаагүй бол мал сүргийг вакцинжуулах шаардлагагүй байжээ. Мал нь өвчлөөгүй, вирустсан малтай хавьтах эрсдэлгүй Ховд аймгийн 6 сум, Увс аймгийн 12 сум, Завхан аймгийн 13 сум, Баян-Өлгий аймгийн 8 сум, Говь-Алтай аймгийн 16 сумын хонь, ямааг вакцинжуулах шаардлагагүй байжээ.
Хорогдсон малын мэдээлэл нь тодорхой байгаа Ховд аймаг дээр тооцож үзэхэд богийн мялзан өвчнөөр нийт хорогдсон 11906 толгой мал байна. Энэхүү малын ашиг шимээр тооцсон алдагдсан боломжийн эдийн засгийн нийт үнэ цэнэ нь 5 жилийн хугацаанд 1705.8 сая төгрөг болж байна. Харин өвчинтэй тэмцэхэд нийт 2448.8 сая төгрөгийн зардал гарч, эдийн засгийн алдагдсан боломжтой ойролцоо байгаа нь зардал үрэлгэн шинжтэй цаашид бууруулан оновчтой болгох боломж буйг харуулж байна.
Бог малын мялзан өвчнөөр мал нь өвдсөн Ховд аймгийн нийт 954 малчин өрх малын эм, тариа эмчилгээний зардалд 217.1 сая төгрөг зарцуулсан байна.
Бог малын мялзан өвчин гарснаар баруун таван аймгаас мал, мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах боломжгүй болж, мялзангаар үхсэн янгир, бөхөн, хар сүүтийн экологи эдийн засгийн нийт үнэлгээ 17.4 тэрбум төгрөг болж байна.
Өвчлөл нь МАА-н салбараас гадна өртгийн сүлжээний бусад оролцогчид болох ченжүүд, малын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, жижиглэн худалдаачид, боловсруулах үйлдвэрт сөрөг нөлөө үзүүлсэн бөгөөд алдагдлын хэмжээ нь 5 жилийн дүнгээр 825.6 сая төгрөг болсон байна.