НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр Бэлчээр хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2016 оны 9-11-р сард Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 14 аймгийн 134 сумын 850 малчид, 278 аймаг, сумын албан хаагчид, нийт 1128 хүнийг хамруулан Бодлого судлалын төвөөс зохион байгуулав..
Малчдын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн (63.8%), усгүй (50.4%), маргаан, зөрчил ихэссэн (42%), төрийн зохицуулалт сулаас дур зоргоор ашигладаг (34.9%) гэсэн асуудлуудыг бэлчээр ашиглалтын хүрээн дахь хамгийн тулгамдсан хурц асуудал гэж үзэж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх (80.2%) одоогийн Газрын хууль дээрх тулгамдсан асуудлыг зохицуулж чадахгүй байна, иймд бэлчээр хамгаалах хуулийг гаргах шаардлагатай (73.5%) гэж үзэж байна. Хэдийгээр асуудал, түүний шийдэл байгалийн бүсээр ялгаатай боловч бодит амьдрал, малчдын эрэлт хэрэгцээ ийнхүү бэлчээрийн эрх зүйн орчныг зайлшгүй өөрчлөх шаардлагатайг харуулж байна. Бэлчээрийн талхагдал, түүнээс улбаалсан малын ашиг шимийн доройтол, байгалийн гамшиг, уул уурхай, чинээлэг улсуудад бэлчээр ашиглах эрхээ алдах зэрэгт хамгийн их хохирдог тул ядуу малчид хуулийн төслийг илүү их дэмжиж байгаа нь тодорхой харагдаж байна. Харин өнөөгийн хяналт зохицуулалт сул нийтээр ашиглах тогтолцоонд малаа өсгөн бэлчээрээ улам тэлж байгаа чинээлэг малчдын зарим хэсэг одоогийн тогтолцоог хадгалах, аливаа өөрчлөлт хийхийг дэмжихгүй байх хандлагатай байна. 2015 оны байдлаар 200 хүртэл малтай ядуу өрхүүд нийт малчин өрхийн бараг тэн хагас буюу 45.4%-ийг бүрдүүлдэг боловч малын 13.9%-г, харин 1000- дээш малтай өрхүүд малчин өрхийн 5.4%-г эзэлдэг ч малын 21.6%-ийг эзэмшиж байна. Үүнийг дагаад бэлчээр ашиглах эрх мэдлийн хүрээнд нийгмийн ялгарал хүчтэй явагдаж, 200 хүртэл малтай ядуу өрхүүдийн гуравны нэг орчим нь өөрийн өвөлжөө, хаваржаагүй болсон бол чинээлэг малчид 2-4 өвөлжөө, хаваржаатай болсон дүн судалгаанаас харагдаж байна.
Түүнчлэн шинэ хуулийг баталснаар гарах нөлөөллийн үнэлгээг хэлэлцүүлгийн явцад хийлээ. Үнэлгээний дүнгээс дурдвал дийлэнх малчид бэлчээр хамгаалах хууль батлагдсанаар бэлчээрийн даац хэтрэлт, доройтол багасна (74.1%), бэлчээрийн маргааныг таслах эрх зүйн орчинтой болно (57%), малчид малын тог бус чанарыг анхаардаг болно (56.6%) бэлчээртээ өөриймсөг хандаж хамгаална (55.8%), ядуу малчдын эрх ашиг хамгаалагдана (49%), бэлчээрээ алдахын эсрэг хамгаалалттай болно (43.5%), ган, зудаар ашиглах отрын нөөц нутаг баталгаажна (40%) гэсэн эерэг хүлээлттэй байна.
Хэлэлцүүлгийн явцад эмэгтэйчүүдийн бэлчээр ашиглах эрхийн талаар судалгаа явуулав. Одоогийн практикт бэлчээр ашиглах талаарх шийдвэрийг гол төлөв эрэгтэйчүүд (63.5%) гаргадаг бөгөөд өрхийн тэргүүн, эзэгтэй нар хамтарч шийдвэр гаргах нь 28.4% болж байна. Судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар цаашид энэ асуудалд эрэгтэй, эмэгтэй харилцан зөвшилцөж шийдэх нь зүйтэй гэсэн хувь 43.7 болж өсөж байна. Одоогийн байдлаар өвөлжөө, хаваржааны гэрчилгээ голлон (57.9%) өрхийн тэргүүний нэр дээр бичигддэг бөгөөд зөвхөн 3.1% нь гэрийн эзэгтэй нэр дээр, 2.4% нь өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэйн нэр дээр хамтран, 2.2% нь эцэг, эхийн, 1.7% нь хүүхдийн нэр дээр бичигддэг байна. Харин малчин өрхийн гуравны нэг (33%) орчим нь өвөлжөө, хаваржааны гэрчилгээгүй байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын гуравны нэг хувь өрх толгойлсон эмэгтэйчүүд бэлчээр ашиглах хүрээнд бусдын адил эрх эдэлдэг гэж үзэж байгаа бол өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 64.7% нь бусдын адил эрх эдэлж чаддаг гэж үзэж байгаа нь хүйсийн тэгш бус байдал бэлчээр ашиглах хүрээнд тийм ч ноцтой асуудал биш болохыг харуулж байна. Дэлгэрэнгүй тайланг хавсрагав. Тайланлд хуулийн төслийг оруулсан байгаа.