Сайн малчин гэж хэн бэ?

САЙН МАЛЧИН ГЭЖ ХЭН БЭ?

 Өдрийн сонины 2017 оны 5-р сарын 23-ны дугаарт гарсан нийтлэл

 “Мянгат малчин” цол хүртээх гэж жил бүр дээр доргүй хөл алдацгаадаг жишиг тогтоод уджээ. Мянгат малчин маань үнэхээр сайн малчин мөн үү, өнөө үед сайн малчин гэж хэнийг хэлэх вэ? Харьцуулах зүйлгүй ”хөмөрсөн тогоо” шиг орчинд удсан хүн өөрийгөө хөндлөнгийн нүдээр шүүн харахад илүүддэггүй. Бид малчдаа буруу замаар будаа тээлгээд байгаа юм биш байгаа хэмээн доорх харьцуулалт хийв.

 

Манай Малчин

Олон улсын жишиг

Нийтийн газраас “өөрийн хэмжээ”-ээр хүртэж амь зуудаг. Нийтээр ашиглах нэрийн дор эзэнгүйдэж, хуулийн засаглалгүй болсон орчинд уул уурхай, аялал жуулчлал, бөх, бөө, уяач, мянгат, овгор гээд хувь, хувьсгалын сайн, муу нэр нөлөөгөөр түрээ баригсдад бэлчээрээ булаалгадаг, нөхөн төлбөр авдаггүй.  

Фермер бүр өөрийн гэсэн хувийн өмчийн аль эсвэл төрийн өмчөөс 10-с доошгүй жилээр гэрээ хийсэн баталгаат бэлчээртэй. Бусдын газрыг дур мэдэн авахын эсрэг хаалт, бусдад газраа гарцаагүй алдахад хүрвэл нөхөн төлбөр авахын аль аль нь хуулийн засаглалаар баталгаажсан.

 

Хөрөнгөө оруулаад үр шимийг нь хүртэх баталгаагүй тул нийтийн газарт хөрөнгө оруулдаггүй, харин аль болох шим шүүсийг нь сорж, хэтрүүлэн ашиглаж доройтуулдаг. Малын тоогоо өсгөж үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг. Малаа өсгөх гэж бусдын бэлчээрийг “булаасан”, аль эсвэл бэлчээрээ доройтуулж, хойч үеийнхээ ирээдүйг “хулгайлсныхаа” төлөө “мянгат”, “аварга” цол хүртэж өргөмжлөгддөг /Бэлчээрээ сайжруулж, даацыг нь нэмэгдүүлээд малаа өсгөсөн бол урамшуулахаас аргагүй уул нь. Бэлчээрээ сайжруулаагүй байж малаа өсгөнө гэдэг нь хавтгай уруугаа тэлэх буюу бусдын аль нэг улирлын аль эсвэл отрын бэлчээрийг авна, эс бөгөөс байгаа бэлчээрээ доройтуулдаг/. Өндөр үнэтэй органик зах зээл хаалттай.

 

Үр шимийг нь хүртэх нь хуулиар хамгаалагдсан тул өөрийн бэлчээр, түүн дээрх малын чанарт хөрөнгө оруулах нь үйлдвэрлэлээ өсгөх гол арга нь болдог /хавтгай уруугаа биш босоо буюу бүтээмж чанарт хүч, хөрөнгөө хаядаг/. Бүтээгдэхүүнийхээ чанар, бүтээмжээр өрсөлдөн ашиг орлогоо нэмэгдүүлж урамшдаг, төр засгийн аливаа цаасан малгайг сонирхдоггүй. Даац нь хэтрээгүй соргог бэлчээрт идээшилсэн малын бүтээгдэхүүнийг жирийн бүтээгдэхүүнээс 70-100% илүү үнээр худалдан авдаг органик зах зээлд хүрч, ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг.

 

Бэлчээр түүн дээрх ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладаг, доройтуулсны хариуцлага, орлогын татвараас чөлөөлөгдсөн

 

Бэлчээр, байгалийн аливаа нөөцийг төлбөртэй ашигладаг, дээр нь орлогоосоо татвар төлдөг

 

Барьцаа болох үл хөдлөх хөрөнгөгүйгээс урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авч чаддаггүй, сарын 2-3 хувийн хүүтэй хэрэглээний богино зээлд “шатдаг”.  

 

10-с доошгүй жилийн гэрээгээр баталгаажсан бэлчээрээ барьцаалан жилийн 3-5 хувийн хүүтэй, 15-30 жилийн хугацаатай зээл авч үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хийдэг.

 

Чанарын урамшуулалт үнэ байдаггүйгээс мал, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэж илүү хөрөнгө, хүчээ зарсан нэг нь алдагдалд ордог тул 1-2 оролдоод хаяхаас өөр аргагүйд хүрдэг, ингэж сонирхолгүй болсноор төрөөс малын чанар, эрүүл мэндийн чиглэлээр зарж байгаа хөрөнгө эрэлтгүй зүйлд зарцуулагдсанаас үр дүнгүй болдог. Бүтээгдэхүүний чанар муугаас олон улсын зах зээлд өрсөлдөх чадваргүй. Шинэ технологи нэвтрүүлж, хөгжих хэрэгцээ бага орчинтойгоос залуу үе нь дайжих болсон.

 

Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанарт нь байнга анхаарч хөрөнгө оруулалт хийдгээс өндөр үнэ хүргэж чаддаг, боловсрол, шинэ технологи өөд тэмүүлдэг, ингэснээрээ өсөж дэвждэг, залгамж хойч үеийнхээ сонирхлыг татах орчныг бүрдүүлж чаддаг.

 

Дээрх харьцуулалтаас үзвэл бид яах аргагүй малчдаа “Мянгат” гэсэн цаасан малгай өмсгөөд буруу замаар будаа тээлгээд байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг. Тоогоор хөөцөлдсөний харгайгаар бид өнөөдөр соргог бэлчээргүй, отрын нөөц нутаггүй, биологийн олон янз бүхий онгон байгальгүй, олон улсын зах зээлд үнэ хүрч өрсөлдөж чаддаггүй, хоол тэжээлийн архаг дутагдлаас давжаарч ашиг шим нь жилээс жилд доройтсон, малчдад хөрөнгө, орлого болж наалддаггүй хоосон хөөс болсон олон малтай л болоод байна. Хамгийн гол асуудал нь хөрөнгө орлогоо нэмэгдүүлэхийн тулд хавтгай руугаа тэлэх биш харин өөрт ногдсон хавтгай, түүн дээрх малын ашиг шим, чанарыг өсгөхөд малчдын сонирхлыг чиглүүлээгүй цагт МАА-н хөгжил тогтвортой хөгжлийн замд орох боломжгүй, төр, засгаас малын чанар, эрүүл мэндийг сайжруулах ямар ч хууль гаргаад, хэчнээн хөрөнгө зараад эрэлтгүй зүйлд зарцуулсан хөрөнгө, хүч  элсэнд  асгах ус шиг үр ямар ч үр дүнгүй болдог гэдгийг өнгөрсөн  30-д жилийн туршлага бэлхнээ харуулаад байгааг ухаарах цаг болжээ. Өнөөдөр малын эмч, зоо-техникч шиг үнэ цэнэгүй, хэрэггүй мэргэжил байхгүй гэхэд хилсдэхгүй болсон, зоо-техникч нар ч эрэлтгүй болсноо дагаад устаад дуусаж байгаа, харин малын эмч нар төсвөөс санхүүжүүлдэг эм, тарилга, үйлчилгээний хөлсний хүчинд нэр төдий үлдсэн болохоос биш, бодит эрэлт, үр өгөөж талаас  нь харах юм бол ялгаагүй устаж байгаа мэргэжил болсон. Малаа чанаржуулах, эрүүлжүүлэх үндэсний хэрэгцээ, эрх ашиг байна уу гэвэл байгаа, гагцхүү энэ эрх ашгийг малын эзэн болсон малчны бодит хэрэгцээ, сонирхол болгох механизмаа хийхгүй байгаагаас төр, засгаас тавьсан зорилго хоосон цаас, гаргасан хөрөнгө үргүй зардал болж хувираад байгаа юм.

УИХ-аар малын генетик нөөцийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж байна. Малаа музейн үзмэр шиг хадгалах бус хүний хэрэгцээг хангах ашиг шим сайтай малтай болох гэж хамгаалах гээд байгаа болов уу. Мал маань сайн байна уу, муу байна уу гэдгийг чанар, ашиг шимээр нь хэмжинэ. Тэгвэл бид 1990 оноос хойш малын ашиг шимээ хэмжихээ огт больсныг хамгийн түрүүн ярих хэрэгтэй юм биш үү. Социализмын үед сайн, муу ч одоогийн сум бүрээр малын жин, сүү, ноосны гарцыг жил бүр хэмжиж, мэдээлдэг, энэ нь малын чанарт хяналт тавих, сайжруулалт хийх, нэг үгээр өнөөдрийн хэлэлцээд байгаа малын генетик нөөцийг хамгаалах асуудалд амин чухал байв. Зах зээлийн өндөр хөгжилтэй орнуудад малын гарал үүсэл, чанар, ашиг шимийн мэдээлэл ферм бүрийн түвшинд маш нарийн  гардаг, энэ нь малын нөөцийг хамгаалах, сайжруулах, бүтээгдэхүүний чанар, стандартыг хянах, фермер, малчдын урамшууллыг шийдэх гол мэдээлэл болдог. Харамсалтай нь манайд энэ тогтолцоо үндсээрээ байхгүй болоод удаж байгааг манай УИХ-ын эрхэм гишүүд мэдэж байгаа болов уу. Ашиг шим нь хаанаа, яаж, юунаас болж доройтоод байгааг мэдэхгүйгээр хууль хэлэлцээд хир үр дүнтэй, гарсан хууль нь хир өгөөжтэй байх вэ. Үүнтэй адил “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” ч ялгаагүй, мал эмнэлгийг босоо тогтолцоонд оруулаад асуудал шийдэгдчих юм шиг гэнэхнээр төсөөлж, төөрөгдөөд хэрэггүй юм.

Мал давжаарч муудаж байгааг манай малчид, хөдөөгөөр аялагсад, хэрэглэгчид  байнга ярьдаг. Үндсэн шалтгаан нь ч тодорхой. 1990 онд манайх 25 орчим сая малтай, 90 орчим мянган малчин өрхтэй, 120 сая га бэлчээртэй байсан. Малын тоо хонин толгойгоор 55 сая буюу нэг малчин өрхөд 600 гаруй хонин толгой мал, 1 хонин толгойд 2.2 га бэлчээр ноогдож байв. Мал хангалттай тэжээлтэй учир ашиг шим сайтай, ган, зудаар орох нөөц нутагтай тул эрсдэлээс хамгаалагдаж байв. Тэгвэл өнөөдөр малын тоо 61.5 сая буюу хонин толгойгоор 101 сая, малчин өрх 140 мянга, бэлчээр 110 сая га болсон байна. 1 хонин толгойд 1.1 га бэлчээр ногдож байгаа нь 2 дахин буурсан буюу 1 хонины идэж байсан бэлчээрийг 2 хонь хувааж идэж байна. Цаг агаарын өөрчлөлт, бэлчээрийн доройтлоос болоод ургамлын гарц, зүйлийн бүрэлдэхүүн буурсныг тооцвол 1 хонинд ноогдох тэжээл үүнээс ч буурсан. Малын толгойн тоогоор хөөцөлдсөнөөр малчид юу хожиж, юу алдаж байгааг зургаар харуулав.

 

Бэлчээрийн даац тохирсон үед:

Мал дүүрэн идэштэй, тарга хүч сайтай

Улирлаар сэлгэдэг тул соргог бэлчээртэй

Ган, зудаар орох отрын нутагтай тул

 гамшгаас хамгаалагдсан

Бэлчээрийн даац хэтэрсэн үед:

Дундуур идэштэй, давжаа, ашиг шим бага

Улирлаар сэлгэх боломжгүйгээс доройтсон

Ган, зудаар орох нутаггүй тул гамшгийн хорогдол их

 

Бэлчээрийн тэжээлийн дутагдлыг нөхөх нэмэгдэл тэжээл бэлтгэж байна уу гэвэл мөн л эсрэгээрээ 1980-д оны сүүлээр 1 хонин толгойд 25 кг хадлан бэлтгэж байсан бол одоо 20 кг хүрэхгүй байна.

Өнөөдөр бэлчээрийн даац хэтэрсэн, хэтрээгүй гээд улсын хэмжээний тоо цаасан дээр тавиад маргалдаад суухын практик ач холбогдол бага юм. Мал ярьдаггүй л болохоос идэж байснаасаа 2 дахин бага идээд ирэхээр генетик нөөц нь алдагдаж, ашиг шим буурах нь тодорхой шүү дээ. Төв, суурин, дэд бүтэц, худаг, уст цэг, нуур, голын хөндий, шилжин ирэгсдэд дарагдсан томоохон хот орчим, төвийн бүсийн аймгууд гээд мал ихээр төвлөрсөн газрууд хамгийн их өртөж, нүдэн дээр цөлжиж байгааг базаад тооцвол нийт нутгийн 7% буюу нэг аймгийн нутагтай тэнцэх бэлчээрээ эргэж сэргэхээргүй болтол доройтуулсан гэдэг тоо бүрэн үндэслэлтэй, ер нь байгалийг доройтсоны дараа биш, доройтохоос нь сэргийлж хамгаалдаг. Тэгээд ч бэлчээрийн даац хэтэрсэн эсэхийг газар дээр нь малаа маллаж байгаа малчид л хамгийн сайн мэдэрч байдаг. Учир нь бэлчээрийн олдоц нь тухайн жилийн цаг агаарын нэн хувьсамтгай нөхцөл, мал бэлчээх зай, нүүдэл хийх боломж, усгүй, бартаа саадаас хүрэх боломжгүй, ялаа шумуулаас мал тогтдоггүй гээд маш олон хүчин зүйлээс хамаардаг тул хот айлын төвшинд л хамгийн зөв тооцох боломжтой, энэ бүгдийг төвлөрсөн журмаар улсын дүнгээр байтугай сумын дүнгээр тооцоход ч түвэгтэй, ерөнхий баримжаанаас хэтрэхгүй. Харин хариуцлагыг нь хүлээх малчид өөрсдөө хил заагаа тогтоож, хөрштэйгөө зөвшилцөөд ирэхээр ашиглалтын бодит талбай гарч, энэ үндсэн дээр даац тооцогдох нь хамгийн зөв болохыг 2010-2012 онд 5 аймгийн 42 сумын 380 малчны бүлэгтэй гэрээ байгуулсан туршилт харуулсан юм. 2016 оны 9-11-р сард Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 14 аймгийн 134 сумын 850 малчдыг хамруулан хийсэн судалгаагаар бэлчээрийн даац хэтэрсэн (63.8%), усгүй (50.4%), маргаан, зөрчил ихэссэн (42%), төрийн зохицуулалт сулаас дур зоргоор ашигладаг  (34.9%) явдлыг хамгийн тулгамдсан хурц асуудал, одоогийн Газрын хууль эдгээр асуудлыг зохицуулж чадахгүй байна (80.2%) гэж малчид үзэж байна. Улсын хэмжээнд 200 хүртэл  малтай ядуу өрхүүд нийт малчдын 45.4%-ийг бүрдүүлдэг боловч малын 13.9%-г, харин 1000- дээш малтай өрхүүд малчин өрхийн 5.4%-г эзэлдэг ч малын 21.6%-ийг эзэмшдэг, үүнийг дагаад бэлчээр ашиглах эрх мэдлийн хүрээнд нийгмийн ялгарал хүчтэй явагдаж, 200 хүртэл малтай ядуу өрхүүдийн гуравны нэг орчим нь өөрийн өвөлжөө, хаваржаагүй болсон бол чинээлэг малчид 2-4 өвөлжөө, хаваржаатай болоод байна.

Малын тэжээлийн хангамжийн толь болсон ашиг шим нь бэлчээрийн даац хэтэрсэн эсэхийг батлах үзүүлэлт юм. Бэлчээр талхлагдсанаас соргог бэлчээртэй байсан үетэй харьцуулбал хонины амьдын жин 8.3%, ямааных 5.7%, ямааны ноолуурын гарц 2%, хонины ноосны гарц 8%, хонины саам 36%-р буурсан болохыг шинжлэх ухааны үндэстэй судалгаа харуулсан байна. Үүнээс зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гурван үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр 1 малчин өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.

Ийнхүү малын генетик нөөцийг хамгаалах үндсэн асуудал бол бэлчээрээ хамгаалж, тэжээлийн архаг дутагдлаас сэргийлэх явдал юм. Таримал тэжээл үйлдвэрлэх хөрс, цаг агаарын нөхцөл тааруу, өртөг өндөр манай орны нөхцөлд малын тэжээл хангамжийг бэлчээрээ зохистой ашиглаж, хамгаалахаас өөрөөр шийдэх боломжгүй. Нөгөө талаар байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн үнэд орж байгаа өнөөгийн нөхцөлд бэлчээрээ соргогоор нь хадгалж үлдэх нь олон улсын зах зээл дээр Монгол улсын өрсөлдөх хамгийн ирээдүйтэй гарц юм. Энэ талаар “Өдрийн сонин”-ы 3-р сарын 13-ны дугаарт гарсан нийтлэлийг сонирхоно уу.

Ийнхүү малын тооны өсөлт нь бэлчээр, малын чанар, бүтээгдэхүүний үнэ, орлогыг бууруулж, МАА-н салбарын ирээдүйг сүйтгэж байгаа тул энэ бол өөдөө хөгжил биш уруудах хөөс юм. Эндээс малын тоог бэлчээрийн даацад тохирох хэмжээнд аваачих гарц байна уу, малчид хүлээж авах уу гэдэг хамгийн гол асуудал урган гарна. Ийм бүрэн боломжтой, гагцхүү олох ашиг орлогынх нь бодитой тооцоон суурилсан ойлгуулан таниулах сургалт хийхэд орон нутгийн захиргаа болон малчид маш их дэмжин хүлээж авдаг болохыг 2015 оноос хойш 13 аймгийн 15 сумдад явуулсан сургалт, туршилт харуулж байна.

Доорх хүснэгтэд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн “Байгаль орчин бидний ирээдүйд” төслийн хүрээнд хийсэн малын тоог аажим бууруулахад бэлчээрийн ачаалал багасаж, малын идэш тэжээлийн хангамж, ашиг шим сайжран, малаа аж ахуйн эргэлтэд оруулж борлуулснаар малчин өрхийн орлого өсөж буйг 126 мянган малтай, бэлчээрийн даац 71.4%-р хэтэрсэн, 1 малчин өрх нь 234 толгой (тэмээ 3, адуу 9, үхэр 11, хонь 89, ямаа 122), хонин толгойгоор 343 малтай сумын жишээн дээр хийсэн сүргийн эргэлтийн тооцоогоор харуулав. Малчин өрх малынхаа тоог жилд дунджаар бог 8%, бод 6%-р 5 жилийн турш бууруулахад малчин өрхийн мөнгөн орлого 7.6 саяас 12.5 сая болж 64%-р өсөж байна. 1 хонин толгой малаас авах орлого буюу бүтээмж 20.7 мянгаас 52.6 мянган төгрөг болж 2.5 дахин өсөж байна. Харин малчид одоогийнх шигээ малаа өсгөөд явбал 5 жилийн дараа 1 өрхийн малын тоо 485 хонин толгой болж, бэлчээрийн даац хэтрэлт 126% болж, малын тэжээл хангамж, ашиг шим, борлуулалт буурснаар малчин өрхийн мөнгөн орлого 9.2 сая төгрөг болж, малаа цөөлөх үеийн орлогоос 3.3 сая төгрөг буюу 26%-р бага байна. Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлснээр зөвхөн малчин өрхийн орлого илүү нэмэгдээд зогсохгүй зэрлэг амьтан, ургамлын амьдрах орчин тэлж, сэргэн байгаль орчин, аялал жуулчлалаар орон нутгийн эдийн засгийг солонгоруулах ач холбогдолтой юм.

 Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлснээр малчин өрхийн орлого нэмэгдэх нь

Үзүүлэлт

Суурь

 Жил 1

Жил  2

Жил 3

Жил 4

Жил 5

Сумын мал, мянган толгой

126

119

112

105

99

93

Сумын мал, мянган хонин толгой

185

174

163

154

144

136

Малчин өрхийн малын тоо, хонин толгой

343

318

296

275

255

237

Малчин өрхийн нийт орлого, сая төгрөг

11.2

17.5

17.1

16.8

16.4

16.0

Өрхийн дотооддоо хэрэглэсэн бүтээгдэхүүн, сая төгрөг

3.6

3.6

3.6

3.6

3.6

3.6

Малчин өрхийн мөнгөн орлого, сая төгрөг

7.6

13.9

13.6

13.2

12.9

12.5

Мал цөөлснөөр хадгаламж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх боломж 1, сая төгрөг

0.0

2.8

2.7

2.6

2.4

2.3

1 хонин толгойд ногдох мөнгөн орлого, мянган төгрөг

20.7

43.7

45.9

48.2

50.5

52.6

Бэлчээрийн даац ашиглалтын %

171.4

171.4

159.4

148.2

137.7

128.0

1 Орлого гэдэг нь тухайн жилд шинээр бий болгосон баялаг, харин байсан малаа бууруулах нь шинээр орлого олж байгаа хэрэг биш, мал гэдэг хөрөнгөө мөнгө болгож байгаа хэлбэр бөгөөд цаашид хадгаламж юм уу үйлдвэрлэлд оруулах хөрөнгийн эх үүсвэр болгон ашиглаж болно. Энэхүү боломж 1 өрхөд дунджаар 2.6 сая төгрөг буюу 10 өрхтэй бүлэг дээр жилдээ 26 сая төгрөг хуримтлагдаж байна.

Ийнхүү малчдын амьжиргааг бууруулахгүйгээр малыг аж ахуйн эргэлтэд оруулан борлуулах замаар бэлчээрийн ачааллыг бууруулж, ингэснээр малын эрсдэл даах чадвар, мал, МАА-н бүтээгдэхүүний чанар, ашиг шим, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн малчдын амьжиргааг дээшлүүлэх алсын хараа бүхий тогтвортой хөгжлийн бодлого хэрэгтэйг энэхүү судалгаа, тооцоо харуулж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн орчин нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д заасан “Бэлчээр хамгаалах хууль”-г УИХ тусад нь аль эсвэл түүний агуулгыг “Малын генетик нөөцийг хамгаалах хууль”-ийн бүрэлдэхүүнд багтаан баталж, хэрэгжүүлэх явдал юм. Энэхүү хуулиар уламжлалт МАА эрхлэх зориулалтаар малчдын одоогийн  ашиглаж буй улирлын бэлчээрт нь бариулан хил заагийг хөршүүдтэй нь зөвшилцөн тогтоож, бэлчээрийн даацыг нь хэмжиж, түүнийг хэтрүүлэхгүй байх хариуцлагыг малчдын бүлэгтэй хийх гэрээгээр зохицуулах, отрын нөөц нутаг, ил задгай ус, хужир мараа зэрэг онцгой нөөц, дамжин өнгөрөх бэлчээрийг нийтээр ашиглахаар зохицуулсан. Мөн эрчимжсэн МАА эрхлэх зориулалтаар бэлчээрийг Монгол улсын иргэний өмчлөлийн аж ахуйн нэгж, иргэнд гэрээгээр ашиглуулах, ингэхдээ тухайн бэлчээрийг одоо ашиглаж байгаа малчдын эрх ашгийг хохироохгүйгээр зохицуулсан бөгөөд дээр дурдсан 14 аймгийн 134 сумын малчдын дунд хийсэн хэлэлцүүлгээр тэдний үнэмлэхүй олонх /73%/ хуулийн төслийг дэмжиж байна. Базаад хэлбэл “Бэлчээр хамгаалах хууль” нь ашиглах бэлчээрийн хэмжээг хил заагаар хязгаарлаж өгснөөрөө хавтгай уруугаа тэлэх явцгүй сонирхлыг нь хааж, ашиглаж байгаа бэлчээр, малынхаа чанарт анхаардаг болгох урамшууллын гол механизм нь юм.

Ийнхүү олон улсын жишгээр хэмжвэл манай “Мянгат малчин” сайн малчин  байж чадахгүйн учир нь хөрөнгө, орлогоо шударга бус аргаар өсгөдөг юм байна. Сайн малчин болъё гэвэл малын үндэс, хойч үеийнхээ өмч болсон бэлчээрээ доройтуулж, ядруу нэгний бэлчээрийг булаан малаа өсгөж, дошин дээрээ аархах биш, харин бэлчээрээ хот айл, бүлгээрээ гэрээлэн зохистой ашигладаг, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн чанартай мал, бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөгч болох хэрэгтэй байх нь. Шударгаар олсон хөрөнгө тогтдог, үр удамдаа буянтай гэж ярьдаг. Ийм сайн малчныг төрүүлэхийн төлөө өнөөгийн малчдын овсгоо, зүтгэлийг зөв замаар чиглүүлж чадах эрх зүй, зохицуулалтын орчноо манай төр бий болгох хэрэгтэй болох нь. Үнэхээр сайн малчин бол төр, засгийн шийдвэрийг хүлээгээд суулгүй хөрш малчид, нутгийн захиргаатайгаа хамтран санаачилга гарган үлгэрлээд эхлэх хэрэгтэй болох нь. 

 

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ