Оюу Толгой төслийн захиалгаар 2009 онд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Манлай, Даланзадгад сумдыг хамруулан хэрэгжүүлсэн “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ (SIA)”

Оюу Толгой төслийн захиалгаар 2009 онд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Манлай, Даланзадгад сумдыг хамруулан хэрэгжүүлсэн “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ (SIA)

  • Оюу Толгой төслийн бүс нутагт уул уурхайн төслийн зүгээс үзүүлэх нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийг бодитой тогтоох судалгаа байв
  • 2008 оны Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгааны  холбогдох хэсгийг шинэчлэв
  • Оюу Толгой төслийн эерэг болон сөрөг нөлөөллийг илрүүлэн тогтоов
  • Нийгмийн болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулав
  • Даланзадгад, Ханбогд сумдад семинар, хэлэлцүүлэг зохион байгуулав
  • Холбогдох анхдагч болон хоёр дахьч мэдээлэл цуглуулж боловсруулав

Зарим дүгнэлтээс:

Орон нутгийн хөгжилд ОТ төслийн үзүүлэх нөлөөлөл нь ихэнхдээ эерэг байх төлөв харагдаж байна. Эдийн засаг, бизнес, үйлчилгээ, байгаль орчин гээд бүх салбарт эдгээр нөлөөллүүд гарах магадлалтай. Гэхдээ орон нутгийн захиргаа ил тод, төсөл, иргэдтэйгээ хамтран зөвлөлдөж ажиллах, төслийн өгөөжийг аль болох өргөжүүлэх, иргэдэд зохистой хүртээх талаар санаачилга гаргах шаардлагатай болж байна. Уурхайд мал аж ахуйн бүтээгдэхүүн, бусад ажил үйлчилгээ нийлүүлэх сонирхол, хүлээлт орон нутгийнхны дунд нэн өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон, үүнийг зохистой арга зохицуулалтаар хангах шаардлага өндөр байгаа юм. Энэ үүднээс авч үзвэл, ОТ төслөөс хэрэгжүүлэх орон нутгийн худалдан авалтын бодлого орон нутгийн хөгжил дэвшил, хэтийн ирээдүйд чухал байх болно. Өгөөжтэй, тэгш байдлыг хангасан бодлого, ялангуяа орон нутгийн бизнест дэмжлэг үзүүлэх, тэдний зүгээс гарч буй үр ашигтай санаачилгыг ОТ төсөл, бусад уурхайн зүгээс дэмжих явдал эдийн засгийн ихээхэн чухал эерэг нөлөөлөл болох юм. Уурхайн дэд бүтцийг ашиглах хүлээлт иргэдийн дунд дээрхээс дутуугүй өндөр байна. 

Ажил эрхлэлт нь ОТ төслийн шууд эерэг нөлөөг харуулах чухал асуудал гэж үзэж болно. Ер нь ажил эрхлэлттэй холбоотой нөлөөлөл уурхайн байгуулалтын ба олборлолтын үе шатны оргил үед хамгийн тодорхой мэдрэгдэнэ. Төслийн үр дүнд бий болох ажил эрхлэлт нь (i) орон нутгийнхны ажил эрхлэлт нэмэгдэх, (ii) өрхийн орлого өсөх, iii) шууд бус ажил эрхлэх боломж сайжрах, (iv) орон нутгийнхны чадавх хөгжих зэрэг эерэг нөлөөлөл үзүүлнэ. Шууд эерэг үр дүнгээс гадна (i) гадныхан уурхайд олноор ажиллахад орон нутгийнхны зүгээс сэтгэл ханамжгүй хандах, ii) гадныхан ба орон нутгийнхны хооронд зөрчил гарах, iii) хөдөлмөр оролцоонд хүйснээс хамааралтай ялгарал бий болох зэрэг сөрөг нөлөөлөл гарах магадлал бас бий.