Малчдын малын тоогоо хөөцөлдсөн эдийн засгийн сэтгэлгээг өөрчлөх замаар бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр Бодлого судлалын төвөөс (БСТ) боловсруулж, туршсан шинэлэг 5 шийдлийг Монгол Улсын Оюуны өмчийн газраас хүлээн зөвшөөрч Зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.
2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/96 тоот тушаалаар баталгаажсан эдгээр шийдэл нь бэлчээрийн даац хэтрэлтийг бий болгодог шалтгаан, нөхцөл бүрийн суурь үндсийг таслахад чиглэгдсэн байна. Тодруулбал, амьжиргаагаа залгуулахын тулд малчид малынхаа тоог өсгөдөг ч энэ нь эргээд бэлчээрийг доройтуулж, тэдний орлогын эх үүсвэрийг хумьдаг чөтгөрийн тойргийг бий болгодог бөгөөд дараах 5 шийдэл нь энэхүү тойргоос гаргаж, малын тоог бус мал, бэлчээрийн чанар, бүтээмжид анхаарах эдийн засгийн цогц хөшүүргийг бий болгодог байна. Үүнд:
- Бэлчээр ашиглалтын гэрээ – даацад нь тохируулан хариуцлагатай ашиглах арга (Гэрчилгээ №18317)
- Хурга махлуулж, борлуулах загвар – Малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог цөөлж, чанаржуулах арга (Гэрчилгээ №18316)
- Малчдын бүлэг, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбооны гэрээт бэлчээрийг халдварт өвчингүй, эрүүл, тайван нутгаар тогтоох арга (Гэрчилгээ №18320)
- Мал, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн нэг цэгийн зохион байгуулалт – Малчдыг зах зээлтэй шууд холбох арга (Гэрчилгээ №18318)
- Малчны ногоон зээлийг нэвтрүүлэх арга – Малын тоог цөөлж, чанаржуулах санхүүгийн хөшүүрэг (Гэрчилгээ №18319)
Эдгээр шийдэл нь олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд БСТ-өөс хэрэгжүүлсэн олон жилийн судалгаа, туршилтын үр дүн бөгөөд, НҮБ-ын Бэлчээр ба нүүдлийн мал ахуйн олон улсын жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй СОР17 хуралдааны үеэр танилцуулагдах юм.





