БОУАӨЯ, НҮБ-н ХХААБ болон БСТ хамтран Монгол Улсын НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын үндэсний тайланг боловсруулж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Бодлого судлалын төв (БСТ)-тэй хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод хүргүүлэх Монгол Улсын үндэсний тайланг бэлтгэх зөвлөлдөх семинарыг 4 дүгээр сарын 20–22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус семинар нь газрын доройтлыг арилгах, цөлжилттэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, Цөлжилтийн үндэсний тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Семинарт төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, 21 аймгийн захиргаа, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байна.

Семинараар газрын бүрхэвч, бүтээмж, нүүрстөрөгчийн хуримтлалын өөрчлөлтийн хандлага, Тогтвортой хөгжлийн зорилтын 15.3.1 дэх үзүүлэлт, газрын доройтлыг арилгах зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Энэхүү семинар нь цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх зорилтыг хангах талаар хийгдсэн ажлын явц, үр дүнг тогтмол тайлагнах талаар Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд хүлээсэн үүргээ Монгол улс хэрэгжүүлэх чухал арга хэмжээ болж байна.

Бодлого судлалын төв (БСТ) нь НҮБ-ын ХХААБ-тай байгуулсан гэрээний дагуу Цөлжилтийн үндэсний тайлан боловсруулахад нь БОУАӨЯ-нд мэргэжлийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд тайлангийн эхний хувилбарыг 2026 оны 8-р сард товлогдсон Талуудын 17 дугаар хурал (COP17)-аас өмнө бэлэн болгох зорилт тавин ажиллаж байна.

Зөвлөлдөх семинарыг нээж БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Т.Балжинням үг хэлж байгаа нь  

Зөвлөлдөх семинарыг нээж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч

Чинюнь Дяо үг хэлж байгаа нь

НҮБ-ын ХХААБ-н ажилтан Жулиа Кончедда Цөлжилтийн үндэсний тайлан бэлтгэх арга зүйн талаар танилцуулга хийж байгаа нь