ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
- Малын тоо их өсөх нь бэлчээрийн чанарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй малчдын амьжиргаанд ч сөрөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
- Бэлчээрийн талхагдлаас гадна малын тооны хэт өсөлт нь Монгол орны ноос, ноолуурын салбарт бусад олон бэрхшээл үүсгэж байна. Үүнд ноолуурын чанарт сөргөөр нөлөөлж /ноолуурын голч бүдүүрэн, богинохон болох/ байгаа бөгөөд үүнд (i) малын эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, (ii) сүргийн нас, хүйсийн зохистой бүтэц алдагдсан /чанар муутай нас гүйцсэн малын тооны эзлэх хувь өссөн/ (iii) ноолуур самнах зохистой арга хэвшээгүй (iv) анхан шатны боловсруулалтын хөгжил сул зэрэг бусад хүчин зүйл ч нөлөөлж байна.
- Түүнчлэн бэлчээр ашиглалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах хүртэл бүх шатанд байнга мөрдөж, хяналт үнэлгээ хийдэг хэвшсэн дэг жаяг /код/, стандарт байхгүй байгаа нь томоохон сул тал болж байна. Хэрвээ ийм код, стандарт байсан бол чанарыг хянан баталгаажуулах /certification/, гарал үүслийг тогтоох замаар тухайн эцсийн бүтээгдэхүүнийг тогтвортой ноолуураар үйлдвэрлэжээ гэдгийг хэрэглэгчдэд батлан үзүүлэх боломжтой болох юм. Орчин үед түүхий эдийн гарал үүслийг баталгаажуулах нь өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний брэндүүдийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болон хөгжиж байгаа бол Монгол оронд үүнийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх боломжоо ашиглаж чадахгүй байна.
ТОГТВОРТОЙ НООЛУУР ГЭЖ ЮУ ВЭ
- Байгаль орчин, малд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн ноолуурыг тогтвортой ноолуур гэж үздэг бөгөөд ийм түүхий эдээр бэлтгэсэн эцсийн бүтээгдэхүүн олон улсын за зээл дээр 15-30% илүү үнэ хүрдэг, цаашид ч өсөх хандлагатай байна.
- Монгол улсад тогтвортой ноолуур санаачилга эхлээд явж байгаа боловч малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэн цөөлөх асуудал дээр үр дүн гаргаж хараахан чадаагүй байв.
- Ноолуурын өртгийн сүлжээний эхний шат /түүхий эд үйлдвэрлэл, бэлтгэл гэх мэт/-нд дэмжлэг үзүүлэх, ингэснээр салбарын тогтвортой хөгжил, тогтвортой ноолуурын шаардлагыг хангах, энэ талаарх олон улсын сайн туршлагыг дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Иймд Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс тогтвортой ноолуурын асуудлыг цогцоор нь шийдэх арга замыг турших зөвлөх үйлчилгээ зарлаж, Бодлого судлалын төв шалгарч ажлаа эхлүүлээд байна.
- Төслөөр Архангай аймгийн Өлзийт сум, Хэний аймгийн Баян-Овоо сумын малчин өрхийн 20%-г хамруулж, бэлчээр ашиглалтын гэрээ, МАА-н эрсдэлийн сан, ноолуурын сайжруулсан бэлтгэл зэрэг үйл ажиллагаанаас ашиг хүртэх юм. Сумын захиргааны хувьд байгальд ээлтэй аргаар МАА-н үйлдвэрлэл эрхэлж, малчдынхаа орлогыг өсгөх боломжтой болно.