ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМАНД МАА-Н ХӨГЖЛИЙН ШИНЭ ЗАГВАР НЭВТРҮҮЛЖ БАЙНА

НОГООН БЭЛЧЭЭР ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Удиртгал

Бодлого судлалын төв нь байгальд ээлтэй аргаар малчдын орлогыг нэмэгдүүлэх санаачилгыг 2000 оноос эхлэн хэрэгжүүлж ирэв. 2017 онд малчид малын тоог сайн дураар цөөлөх боломжтой болохыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэст ээлтэй бэлчээрийн менежмент төслийн хүрээнд баталсан бөгөөд малын тоог цөөлөх санаачилгыг дэмжих малчдын зээлийн эргэлтийн сангийн журмын төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд боловсруулсан юм.

2018 оны дундуур ХАС банк, Мерси Кор байгууллагаас гаргасан бэлчээрийн менежментийг сайжруулахад хөнгөлөлттэй зээлийг хөшүүрэг болгон ашиглах санаачилгад нэгдсэн бөгөөд төслийн дизайн, зээлийн бүтээгдэхүүнийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэн 2018 оны 12-р сард  “Ногоон бэлчээр” туршилтын төслийг Хэнтий аймгийн Баян-Овоо суманд эхлүүлээд байна.

Баян-Овоо сумын мал аж ахуйн салбарын байдал

Баян-Овоо сум 1990 онд 56180 толгой буюу 152000 хонин толгойтой тэнцэх тооны малтай, нэг хонин толгойд 1.5 га бэлчээр ногдож, нийт бэлчээрийн 20 хувийг ган, зудын үед ашиглах нөөцтэй байв. Малын тоо бэлчээрийн харьцаа зохистой түвшинд байсан бөгөөд малаас болж бэлчээрийн талхлагдах явдал гардаггүй байжээ.

Эдүгээ малын тоо асар ихээр өсөж, 2017 оны дүнгээр 179871-д хүрсэн нь 352531 хонин толгойтой тэнцэж байна. Нэг хонин толгойд ногдох бэлчээр 0.6 га болтлоо буурч бэлчээрийн хүрэлцээ 2.3 дахин багасжээ. Бэлчээрийн даац хэтэрснээс мал хэвийнхээс 47 хувь дутуу идээшилж давжааран, ашиг шим нь багасахын зэрэгцээ өвчин, ган зудад эмзэгшин, зах зээлийн үнэлгээ нь буурч байна. Бэлчээрийн даац хэтэрсний  улмаас ган, зуднаар орох нөөц бэлчээргүй болж, эрсдэлд нэн өртөмхий болов. 2009-2010 оны зудаар нийт малынхаа 20 шахам хувийг хорогдуулан сумын 89800 толгой мал 74000 мянгад буусан жишээ бий. Малын тооны хойноос хөөцөлдсөн сэтгэлгээ малын ашиг шим, бүтээмжит чанарыг дээшлүүлэх боломжид харалган хандахад хүргэлээ. Малаа зах зээлд борлуулахдаа хамтрах бус хотноосоо ганц нэгээр сугачаа борлуулдгаас болоод малын чанарт тавигдаж буй шаардлагыг хангаж, үнэ хүргэхэд саад болж байна.

Ногоон бэлчээр төслөөс ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ?

Малын тооны хойноос хөөцөлдсөн явцгүй сэтгэлгээг өөрчилж, бэлчээрт ээлтэй аргаар малчдын орлогыг нэмэгдүүлж амьжиргааг нь тогтвортой болгох арга замыг нэвтрүүлэхэд төслийн зорилго чиглэх болно.

Төслийн зорилгыг хэрэгжүүлэх механизм: 

  • Малчдын бүлэг ба сумын Засаг даргын хооронд байгуулах бэлчээр ашиглалтын гэрээ (БАГ), түүнчлэн малчдын бүлгийн гишүүн бус хувь малчин өрх ба сумын Засаг даргын хооронд байгуулах малын тоог цөөлөх гэрээ нь малын тоог бэлчээрийн даацад тохируулах үүднээс зохистой хэмжээнд бууруулах гол механизм болно.
  • Мал аж ахуйн эрсдэлийн сан (МААЭС) нь бэлчээр, мал аж ахуйн эрсдэлийн менежментийн чиглэлээр малчдаас санал болгосон арга хэмжээ болон малын чанарыг хянаж, баталгаажуулах цэгийн үйл ажиллагааг санхүүжүүлж, борлуулах малын тоо, үнийг өсгөх гол механизм болно.
  • Эко буюу ногоон зээл нь малын тоог бууруулах малчдын сонирхлыг урамшуулах нэмэлт механизм болно.
  • Туршилтын төслийг хэрэгжүүлэх малчдын ба сумын төр захиргааны байгууллагыг чадавхжуулах үйл ажиллагаа хэрэгжинэ.

Төслийн үр өгөөж

  1. Чадавхжуулах: Бэлчээрт ээлтэй аргаар орлого нэмэгдүүлэх мэдлэг, чадвартай болно.
  2. БАГ ба малын тоо цөөлөх гэрээ: Бэлчээрийн даац хэтрэлтийг зогсоон бэлчээрийн чанар, малын ашиг шим сайжирч, малчдын орлого өсөж, ган, зудын эрсдэлээс хамгаалагдана.
  3. МААЭС: Бэлчээр, мал аж ахуйн эрсдэлийн менежмент, өртөг нэмэгдүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх баталгаатай эх үүсвэртэй болно.
  4. Эко хөнгөлөлттэй зээл: Малчин өрхийн нэн шаардлагатай хэрэгцээг хангах жилийн 12 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэртэй болно.