МАА-Н ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛД ЯАЖ ХҮРЭХ ВЭ

МАА-Н ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛД ЯАЖ ХҮРЭХ ВЭ

“Өдрийн сонин”-ы 3-р сарын 13-ны дугаарт гарсан нийтлэл

Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн хамаарлыг багасгах нэг гарц нь уламжлалт МАА-н бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулан органик хүнсний өндөр үнэ бүхий экспортын зах зээлд гарах явдал гэдэгтэй маргах хүн үгүй болжээ.

Учир нь эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхий хүн амын өндөр орлоготой давхаргад бий болон тэлж байна.

АНУ-д эрчимжсэн фермийн хүчит тэжээлээр бордсон үхрийн мах нийт хэрэглээний 97%-ийг эзэлдэг бөгөөд ийм мах амтгүй, шүүс багатай байдгаас гадна зүрх судасны өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй Омега-3 тосны хүчлийн агууламж бэлчээрийн махнаас 2 дахин бага байдаг байна. Харин органик аргаар үйлдвэрлэсэн мах нь нийт хэрэглээний 3%-г бүрдүүлдэг бөгөөд эрүүл мэндэд ач тустай тул өндөр үнэтэй зорилтот зах зээлийн хэрэгцээг хангаж байна. 2015 онд явуулсан жижиглэнгийн үнийн судалгаагаар 1 кг эрчимжсэн фермийн үхрийн мах 11 доллар байхад бэлчээрийн органик мах 17.4 доллар буюу зөрөө нь 58% буюу 15000 төгрөгөөр илүү байна. АНУ-ын үхрийн махны зах зээл 80 тэрбум доллар бөгөөд жилийн хэрэглээ нь 12 сая тонн, үүний 3% гэдэг нь 360 мянган тонн буюу манай улсын 5 төрлийн малын махны экспортын боломжоос давсан тоо юм.

БНХАУ-д байгаль орчны бохирдол хурцдаж, хүн амын орлого нэмэгдэж байгааг дагаад органик бүтээгдэхүүний зах зээл сүүлийн 10 жилд 30 дахин өссөн байна. Үүнээс улбаалан өвөр Монголын байгалийн бэлчээрт идээшилсэн органик малын мах үнэд орж байна. Бээжинд үхрийн мах кг нь 76 юань буюу 10.7 доллар байгаа бол өвөр Монголын органик хонины мах кг нь 104 юань буюу 15 доллар байна. 

ОХУ-ын төвийн хотуудад органик үхрийн мах ангиллаасаа  хамаараад кг нь 650-2300 рубль буюу 11-38 доллар байна.

Ийнхүү Европын холбоо, Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй бүс нутаг төдийгүй манай хөрш БНХАУ, ОХУ-д ялгаагүй  органик хүнсний үнэ нийтийн хэрэглээний хүнснээс өндөр үнэтэй, хүн амын орлогын өсөлтийг дагаад хэрэглээ нь цаашид ч өсөх хандлагатай байна. Иймд олон улсын зорилтот зах зээлийн хэрэгцээтэй харьцуулбал манай нийлүүлэлт далайд дуслын төдий буюу хангалттай эрэлт байна гэсэн үг.

Гагцхүү энэ боломжийг ашиглах бодлогын бодитой алхам, өөрчлөлтийг цаг алдалгүй хийж чадах эсэхээс Монгол малын бүтээгдэхүүн дэлхийд үнэлэгдэх эсэх нь хамаарч байна.

 

МАА-н органик бүтээгдэхүүнд тавигдаж байгаа олон улсын зах зээлийн шаардлага юу вэ

 

Өндөр үнэтэй, үйлдвэрлэгч болгон хүрэх гэж тэмүүлдэг өрсөлдөөн ихтэй тул органик хүнсэнд өндөр шаардлага тавьж, түүнийгээ стандартаар баталгаажуулан зөвхөн ийм шаардлагад нийцсэн хүнсийг органик гэж хүлээн зөвшөөрч, худалдан авч байна.

БНХАУд органик хөдөө аж ахуйг тодорхойлохдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, тээвэрлэх, хэрэглэх бүх шатанд байгаль орчин, агаар, хөрс, ус, биологийн төрөл зүйлийг хамгаалж, сайжруулдаг, байгалийн нөөцийг экологийн тэнцвэр, нийгмийн тэгш ёсны зарчимд нийцүүлэн ашигладаг хөдөө аж ахуй гэсэн байна.

БНХАУ-ын Стандартын газраас баталж, 2013 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа GB/T 19630.1—2011 дугаар бүхий үндэсний стандартад органик МАА-н тэжээлийн холбогдолтой дараах  шаардлагыг тусгажээ. Үүнд:

 8.4.1 Органик МАА-н үйлдвэрлэл органик тэжээл ашиглана.

 8.4.4 Малын өдөр бүрийн тэжээлийн хэрэгцээг баталгаатай бүдүүн тэжээлээр хангана. Бүдүүн тэжээл (бэлчээр, өвс, сүрэл, дарш) нь хуурай жинд шилжүүлснээр малын хоногийн тэжээлийн хэрэгцээний 60%-с доошгүйг хангасан байна.

 8.11.1 Мал, шувуунаас байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг нарийн харгалзан үзнэ. Мал, шувууны тоо нь газрын даацаас хэтэрч болохгүй. Бэлчээрийн даац хэтрүүлэхийн сөрөг үр дагавраас урьдчилсан сэргийлсэн арга хэмжээг авсан байна” гэж заажээ.

Олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг Европт төвтэй  хойд Америк, Африкт салбар бүхий “Органик ХАА-н хөдөлгөөний олон улсын холбоо” /International Federation of Organic Agriculture Movements, IFOAM/-с гаргасан стандартын зааварт мөн тэжээл, бэлчээртэй холбоотой дараах шаардлагууд орсон байна. Үүнд:

2.2.4      Бэлчээрийн даацыг хэтрүүлэн талхлах, ус бохирдуулж болохгүй.

5.1.3 Малын тав тухыг хангах дараах арга хэмжээг зайлшгүй авна. Үүнд:

e) Үхрийг сүргээр бэлчээрлэх боломжтой байлгах

5.5.7 Хивэгч малыг өдөр бүр бүдүүн тэжээлээр тэжээнэ. Бэлчээрийн улирлын нийт хугацаанд хивэгч малыг байнга бэлчээрлүүлнэ. Цаг агаар, хөрс зэрэг шалтгааны улмаас бэлчээх боломжгүй тохиолдолд бэлчээлгүй шинэ органик бүдүүн тэжээлээр тэжээж болно. Гэхдээ ингэж тэжээх хэмжээ нь бэлчээрийн улиралд бэлчээрээс идэх нийт тэжээлийн 20%-с ихгүй байна

5.6.1 Малын эрүүл мэнд, тав тухыг хангах замаар өвчлөлөөс сэргийлэх дараах арга хэмжээг авсан байна. Үүнд:

d.            Бэлчээрийн оновчтой даацыг барих

e.            Бэлчээрийн сэлгээ, менежмент нэвтрүүлэх

 

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас батлан мөрддөг органик МАА-н зааварт олон шаардлага орсны дотор:

“Хивэгч мал бэлчээрийн улиралд 120 хоногоос багагүй хугацаагаар бэлчээрлэсэн байна. Цаг агаарын улмаас дээрх хугацаа дундаа тасарч болох боловч, бэлчээрээс идэх тэжээлийн хэмжээ нь хуурай жинд шилжүүлснээр нийт тэжээлийн 30%-с доошгүй байна.

 

Бэлчээрийн даацыг оновчтой хэмжээнд барьж, бэлчээрийг хэт ашиглах, дутуу ашиглахаас сэргийлэх, бэлчээрийг сэлгээтэйгээр аль болох олон төрлийн малаар ашиглана.

 

Бэлчээрийн хөрс, ус, биологийн төрөл зүйлийг хамгаалж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын бүртгэл хөтөлсөн байна” гэжээ.

 

ОХУ-д органик хүнсний хуулийн төслөө Хөдөө аж ахуйн яам нь боловсруулж дээш нь өргөн бариад байгаа бөгөөд одоогоор ГОСТ 56508-2015 дугаар бүхий “Органик үйлдвэрийн бүтээгдэхүүн: үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн горим” нэртэй улсын стандартыг 2016 оны 1-р сарын 1-ээс мөрдөж байна. Энэхүү стандартад бэлчээрийн асуудлыг ялгаагүй чухалчлан авч үзсэн бөгөөд малын тэжээлд бүдүүн тэжээлийн эзлэх хувь хуурай жинд шилжүүлснээр 60-с доошгүй, бэлчээрийн тэжээлийн эзлэх хувь 20-с доошгүй байна гэж заасны дээр 1 га бэлчээрт  байвал зохих малын тооны дээд хязгаарыг бэлчээрийн ургац, чанараас хамааруулан ялгавартай тогтоон мөрдөж байна.     

 

Органик хүнсний зорилтот зах зээлд хүрэхэд бидэнд юу дутагдаж байна вэ

Дэлхийн бусад бүс нутаг дахь органик мах үйлдвэрлэж буй малын тэжээлийн найрлага дахь байгалийн бэлчээрийн эзлэх хувь, өвс ургамлын олон янз байдал нь Монгол малын бэлчээрээс идэх өвс, олон янз байдлын хаана ч хүрэхгүй тул Монгол малын махны органик чанар, үнэ нь бүр ч илүү байх нь ойлгомжтой.

Монгол улс дээр дурдсан улсуудын органик хүнсний өндөр үнэтэй зорилтот зах зээлд МАА-н бүтээгдэхүүнээ гаргая гэж байгаа бол импортлогч орнуудын шаардлагуудыг биелүүлэхээс өөр аргагүй. Олзуурхууштай нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч малын тэжээлд бэлчээрийн эзлэх хувь 50 орчим хувь байгаа нь манайх шиг 4 улирлаар бэлчээрт байдаг малын хувьд амархан давах босго. Манай нутгийн малын тэжээлд бэлчээрийн эзлэх хувь 90-с дээш байдаг.

Харин бэлчээрийн даацаа хэтрүүлээгүй байх босго л хэцүү. “Хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ” гэдэг зарчим үйлчилдэг нийтийн бэлчээрт даацыг оновчтой хэмжээнд барих ямар ч боломжгүй юм. Оновчтой даац барих нь бүү хэл, ашиглалтын хил заагаа тогтоодоггүй тул бэлчээрийн даац хэтэрсэн эсэхийг нь хэмжих ч боломжгүй юм. Хот орчмын эрчимжсэн болон хагас эрчимжсэн сүүний жижиг аж ахуйнууд өөрийн гэсэн бэлчээргүй хавчигдмал байдалд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нөгөө талд өөрсдийн олхиогүйгээс үнэ цэнэтэй бэлчээрээ гаднынханд сорчлон хадуулж хямдхан гаргаж байгааг  яавч зөвтгөх аргагүй.

Малчдын одоогийн  ашиглаж буй улирлын бэлчээрт нь бариулан хил заагийг хөршүүдтэй нь зөвшилцөн тогтоож, бэлчээрийн даацыг нь хэмжиж, түүнийг хэтрүүлэхгүй байх хариуцлагыг гэрээгээр зохицуулах бүрэн боломжтой болохыг төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн харуулсны дээр, бэлчээрээ ингэж гэрээтэй ашиглахыг малчдын үнэмлэхүй олонх /73%/ дэмжиж байгааг судалгаа харуулж байна.

Иймд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д заасан “Бэлчээр хамгаалах хууль”-г УИХ хэлэлцэн баталж, бэлчээрийн Монгол малын бүтээгдэхүүнийг олон улсын зорилтот зах зээлд үнэ хүргэх гарцыг нээмээр байна.

Бэлчээрийн даацаа тохируулж, бэлчээр, малынхаа чанарт анхаарал тавьж байгаа үзүүлэлтийг сайн малчин шалгаруулах болзолд оруулж, малын тоог биш чанар, өрсөлдөх чадварыг нь урамшуулах бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлмээр байна.

Хот орчимд органик эрчимжсэн МАА-г хөгжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулан бэлчээр, тэжээлийн асуудлыг нь олон улсын стандартад нийцүүлэн шийдэх, үүнд үндэсний хөрөнгө оруулалтыг татах талаар хотын захиргаад санаачилга гаргамаар байна.

 

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ