2014 оны 1-р сарын 9-ний “Өдрийн сонин”-д гарсан бодлогын санал
Бэлчээрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал сүүлийн 20 жил яригдсан боловч өнөө хүртэл шийдэгдэхгүй байна. Хуримтлагдсан асуудлыг зөвөөр ойлгож, цаг алдалгүй шийдвэрлэхэд тус дөхөм болгох үүднээс баримт, судалгаанд тулгуурласан нийтлэлийг Бодлого судлалын төвөөс толилуулж байна.
Эзэмшүүлэх, гэрээгээр ашиглуулах ойлголтын тухай
Гадныханд үл итгэж, 1990-ээд оны эхээр анх эзэмшүүлэх (Монголчуудад), гэрээгээр ашиглуулах (гадныханд) хэмээн хоёр салгаж орхисон ойлголт нь зах зээл хөгжсөн орнууд дахь түрээслэх буюу лизинг (lease, leasing) гэдэг ойлголттой дүйнэ. Зорилго нь газрын нөөцийг зохистой ашиглах харилцааг өмчлөгч, ашиглагчийн эрх, үүргээр зохицуулахад чиглэдэг. Ашиглагчийн гол үүрэг нь газрын чанарыг талхлан доройтуулахгүй байхад чиглэдэг бол өмчлөгчийн үүрэг нь ашиглагчийн зүгээс үүргээ биелүүлэх боломж, нөхцлийг нь хангахад оршино. Тухайлбал, цаг агаар хэвийн нөхцөлд эзэмшсэн бэлчээрт бусдын мал орж талхлах, уул уурхай зэрэг бусад ашиглалтын зүгээс хохирол учруулахаас сэргийлэх, зөрчил маргааныг шийдвэрлэх үүргийг өмчлөгч буюу төр хүлээнэ. Бэлчээрийг үе уламжлан албан бусаар эзэмшиж ашиглаж ирсэн Монгол орны нөхцөлд бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг нь малчдын албан бус эрхийг цаасан дээр буулгаж, баталгаажуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл малчдын дутуу эдлээд байгаа эрхийг нь гүйцээж, хамгаалахыг хэлээд байгаа юм. Энэ нь мал аж ахуйг бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийн гольдрилд оруулах нийтийн эрх ашигт нийцэж байгаа юм.
Эзэмшүүлснээр ямар эрх ашиг хожих вэ
I. Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал үндсэндээ зогсонги болсон нь дараахь шинж чанараар илэрнэ. Үүнд:
1) Нийт мал сүргийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг нутгийн мал нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, экологийн харьцангуй цэвэр бүтээгдхүүн үйлдвэрлэдэг давуу талтай ч ашиг шим доогуур, цаашид нэмэгдүүлэх боломж бага учраас малаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малчдын амьжиргааны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах чадвар нь мөхөсдөх болсон /Баримт: Нутгийн нэг малаас авах ашиг шим статитсик мэдээ гарч эхэлсэн сүүлийн 50 жилд өсөөгүй, зарим талаар буурсан, тухайлбал улсын дунджаар 1961 онд борлуулсан үхрийн амьдын жин 248 кг, оны эхний нэг үнээнээс үйлдвэрлэх сүү 344 литр байсан бол 1991 онд эдгээр үзүүлэлт 245 кг, 323 литр болж буурсан, малаа дурандаж, мотоциклоор туудгийг эс тооцвол дундад зууны үеийн технологи хадгалагдаж үлдсэн, хот, суурин газрын мах, сүүний хомсдол, түүнийг дагасан үнийн хөөрөгдөл. Махны үнийн хөөрөгдлийг тогтворжуулах хөтөлбөрөөр шийдэх гэж оролдож байна. Энэ нь галт унтраах төдий, суурь шалтгаантай нь тэмцэх арга биш юм. Хөтөлбөр байхгүй нөхцөлд зах зээлд хүрч чадахгүй байгаа мах, малыг оруулж ирж чадвал махны нийлүүүлэлт нэмэгдэж, үнэ бууран малчид ч ашиг хүртэнэ, энэ утгаараа нийтийн эрх ашигт нийцэх юм. Харин нэгэнт ороод ирсэн махан дээр аль эсвэл хөтөлбөр байхгүй нөхцөлд тэртээ тэргүй орооод ирэх байсан махан дээр ажиллаад эхэлвэл өөр эрх ашиг үйлчлээд эхэлнэ гэсэн үг. Үүнийг оролцогч хувийн компануд сонирхохгүй гэх баталгаагүй бөгөөд хяналт тавьж чадаж байгаа эсэх талаарх нээлттэй мэдээлэл хомс. Ямартай ч яригдаад эхэлсэн шилэн дансны тогтолцоо хэрэгжээд эхэлвэл хөтөлбөрт оролцох хувийн компани олдох эсэх асуулт хариугаа нэхэх нь тодорхой/
2) Байгалиас хараат, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвар мөхөс, таваарлаг чанар сул, амиа аргацаасан хэт жижиг өрхийн аж ахуй давамгайлсан /Баримт: ган, зуднаар хорогдох малын тоо дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээг ихээхэн савлуулж бууруулдаг, малчин өрхийн дөнгөж 9 хувь нь 500-аас дээш малтай, 70 шахам хувь нь 200 хүрэхгүй малтай, амьжиргаагаа залгууахад наад зах нь 300-400 толгой мал хэрэгтэй гэсэн судалгаа бий/
3) Мал, бэлчээр, малчны харьцаа боломжийн байсан 1990 оноос хойш мал, малчдын тоо огцом нэмэгдсэнээр бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэдэг, ган, зудын үед ордог отрын нөөц нутагтай байсан тогтолцоо үгүй болсноос эрсдэлд нэн өртөмтгий болж, зохицуулалтгүйн улмаас үүдсэн бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч байгаа /Баримт: 1990 онд ерэн мянга байсан малчин өрх зуун тавин мянга гарч, ихэнх аймаг, сумд өөрийн отрын нөөц нутаггүй, “сохроор” нүүдэллэж, туурайн зуд болох нь түгээмэл, ногоон масс ургаж байгаа ч ургамалын бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж, шарилж, лууль давамгайлан мах, сүүний амт, чанар, түүгээр дамжин хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Олон төрлийн ургамалжилт бүхий байгалийн соргог бэлчээрээс идээшилсэн малын бүтээгдхүүнд хүний эрүүл мэндэд амин чухал ханаагүй тосны хүчил, үл исэлдүүлэгч (antioxidant)-ийн агууламж өндөр байдаг бол бэлчээр талхлагдах хэмжээгээр энэ нь буурдгийг судалгаагаар тогтоожээ /
Хөгжлийн гол хөдөлгүүр нь технологийн дэвшил байдаг. Тэгвэл манай мал аж ахуйн салбарын хөгжил зогсонги болсны үндсэн шалгтаан нь малын эзэн болсон малчины зүгээс технологийн дэвшил нэвтрүүлэх сонирхлын механизмыг нь бий болгоогүйд л оршино. Үүний шалтгаан нь энгийн. Өөрт байгаа боломжуудаас хамгийн хямдыг нь сонгож ашиг, орлогоо нэмэгдүүлэх нь зах зээлийн эдийн засгийн хууль. Бэлчээр, түүн дээр байгаа ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладгийн зэрэгцээ даацыг нь хэтрүүлж талхалсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо малчдад үйлчилж байна. Ийм нөхцөлд малынхаа толгойн тоог өсгөөд л суух нь малчинд амар, хямд байгаа хэрэг. Мал эмнэлэг, малын чанар, өвс тэжээл, эрсдэлтэй тэмцэх, шинэ технологи, инновац, бүтээгдхүүний чанар гэж толгойгоо өвтгөж, илүү зардал гаргаад яах юм. Яах вэ зүгээр өгвөл аваад л хэвтэж байя, сүх далайтал үхэр амар гэгчээр зуд болтол ч хаа юм, төр, засаг гэж нэг юм байна, туслах байлгүй гэсэн сэтгэлгээ ноёлж байна/1980-аад оны сүүлээр 1 хонин толгойд 25 кг хадлан бэлтгэж байсан бол 2011 онд 20 кг болсон/. Дүгнэж хэлбэл малчин хүний өнөөгийн амьжиргааны арга нь аж ахуйгаа эрхлэх дэвшилтэт аргыг нэвтрүүлэх сонирхолгүй болгож, үл хөгжихүйн гинжинд хүлчихээд байна. Нөөцийн эдийн засгийн ухаанаар авч үзвэл мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал нь тухайн малчин өрхийн өөрийн гаргасан хүн хүч, тэжээл, эм тарилга, тээвэр гэх мэт “дотоод” зардал, “гадаад” зардлын нийлбэрээс бүтнэ. Гадаад зардал нь бэлчээрийг ашигласны болон түүнд хор хохирол учруулсан бол тэр хохирлын хэмжээгээр нийгэмд учирч байгаа зардал юм. Гадаад зардлыг малчин үүрэхгүй байгаа учраас ямар хэмжээтэй гарах нь сонирхлыг нь нэг их татахгүй. Энэхүү гадаад зардлыг малчны сонирхлын хүрээнд хэрхэн оруулж ирж, бэлчээртээ өөриймсөг ханддаг, даацыг нь хамгаалж, сайжруулдаг, хэтрүүлж талхалсан бол эдийн засгийн хариуцлага хүлээдэг, ингэснээр малын тоог өсгөх биш харин чанар, бүтээмжийг сонирхдог болгох вэ гэдэгт асуудлын гол оршиж байгаа бөгөөд шийдэх гарц нь бэлчээрийг эзэмшүүлэх явдал юм.
II. Бэлчээрээ эзэмшиж, эрх ашгаа хамгаалах сонирхол малчдын дийлэнхийг бүрдүүлдэг ядуу, дунд бүлгийнхний дунд давамгайлж байгаа нь олон тооны судалгаа, баримтаар нотлогдсон зүйл. 2007 онд НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ХХААЯамнаас нийт улс орныг хамруулан явуулсан санал асуулгын судалгаагар малчдын 70 орчим хувь нь бэлчээрээ эзэмшихийг дэмжжээ. 2009-2012 онд Мянганы сорилтын сангийн шугамаар ойт хээр, хээрийн бүсийн 5 аймагт хэрэгжсэн “Хот орчмын бэлчээр” төслийн хүрээнд бэлчээрийг гэрээгээр ашиглуулахаар санал тавихад төслөөр төлөвлөсөн тооноос хоёр дахин илүү малчдын бүлэг саналаа ирүүлснээс 386 бүлэгт бэлчээрийг нь гэрээгээр олгосон байна. Энэхүү төслөөр 4 улирлаар сэлгэж нүүдэг шинж чанарыг алдагдуулалгүйгээр төсөлд хамрагдах болон хөрш малчдын эрх ашигт нийцүүлэн аливаа зөрчил, маргаангүйгээр бэлчээрийг гэрээгээр олгож болохыг нотлон харуулсан байна. 2012 онд сонгодог говийн бүс болох Өмнөговь аймгийн Ханбогд суманд явуулсан судалгаагаар малчин өрхийн 78 хувь нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулахыг дэмжсэн, 10.8 хувь нь сайн ойлгохгүй, 9.7 хувь нь мэдэхгүй, 1.6 хувь нь дэмжихгүй гэсэн хариулт өгсөн байна. Дэмжигчдийн эзлэх хувь 200-аас доош малтай өрхөд хамгийн өндөр, 400-аас дээш малтай өрхөд хамгийн бага байв. Бэлчээрээ эзэмшиж, хамгаалах сонирхол хөрөнгө чинээнээс үл хамааран нийт малчдын хэрэгцээ болж, эзэмшүүлэхэд төвөгтэй гэж үздэг говийн бүсэд ч зохицуулалтаа шаардах болсныг энэхүү судалгаа харуулж байна.
III. Бэлчээрийг эзэмшүүлэн ашиглалтын хил заагийг тогтоох нь олон улсын хүлэмжийн хийн зах зээлээс малчид ашиг хүртэх анхны алхам юм. Киотогийн протокол зэрэг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хөгжингүй орнуудын засгийн газар, хувийн секторын зүгээс хүлэмжийн хийн бууралтыг гаднаас худалдан авах зэх зээл үүсч хөгжин АНУ-ын Чикагогийн уур амьсгалын бирж дээр бэлчээрийн менежментийг сайжруулснаар буурсан хүлэмжийн хийг худалдаж байсан туршлага байна. Бэлчээрийн талхлагдлыг багасгаснаар жилдээ 1 га бэлчээрт 2.16 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой, 1 тн хүлэмжий хийн бууралт нь олон улсын зах зээл дээр 2-10 ам доллараар үнэлэгдэж байна. Манай орны нэг малчин өрх дунджаар 300 орчим хонин толгой малтай, үүндээ жилдээ 600 орчим га бэлчээр ашигладаг гэж үзвэл бэлчээрийн талхлагдлыг бууруулснаар жилдээ 2600-13000 ам доллар олох боломж бий. Түүнчлэн манай орны бэлчээрийн 70 орчим хувь нь талхлагдалд өртсөн гэсэн судалгаа байдаг бөгөөд үүгээр тооцож үзвэл улсын хэмжээнд жилдээ 345-1725 сая ам доллар олох боломжтой. Гагцхүү үүнийг ажил хэрэг болгох санаачлага, төрийн дэмжлэг дутаад байна. Хүлэмжийн хийн бууралтыг худалдан авагчдын зүгээс худалдагч этгээдийн ашиглаж буй газрын хил зааг, ашиг хүртэгч эзэн нь нэн тодорхой байхыг эн тэргүүнд шаарддаг. Харин бэлчээрийг нийтээр дундаа ашиглаж байгаа нөхцөлд энэ шаардлагыг хангахгүй юм.
Эзэмшүүлснээр ямар эрх ашиг хохирох вэ
1. Манай орны газар нутгийн дийлэнхийг эзэлдэг бэлчээрийг нийтээр дундаа ашиглах нэрийдлээр “уугуул эзэн” болсон малчдын эрх зүйн чадамжийг нь хүчгүйдүүлсэн өнөөгийн тогтолцоонд бэлчээрийн газрыг хувийн болон салбарын явцуу эрх ашигт нийцүүлэн дур зоргоор олгох явдал газар авсан. Тухайлбал бэлчээрийн газраас тасдан авдаг гаднын болон үндэсний уул уурхай, аялал жуулчлалын компаниуд, үүнд нь үйлчилж “ашиг” хүртдэг төв, орон нутгийн албан тушаалтнуудын явцуу эрх ашиг хохирно.
2. Өнөөгийн засаглалын хомсдолыг ашиглан бэлчээрийг сорчилдог, муутгаж хаядаг, ашиглалтаа дур зоргоор тэлдэг, үүнд нь өртөж хохиоргчдын эрх ашгийг үл ойшоодог, орон нутгийн албан тушаалтнуудтай сүлбэлддэг нутгийн “тамгагүй ноёдын” эрх ашиг хохирно. Орон нутагтаа нөлөөтэй, шагнал ямбатай, ихэнх тохиолдолд манай түшээдийн очиж уулздаг, дуу хоолойгий нь сонсдог, энэ утгаара нийт малчдын дуу хоолой мэт сонсогддог нэн цөөнхийн эрх ашиг яригдаж байгаа хэрэг. Өнөөгийн нийгмийн чинээлэг хэсгийн өвөрмэц төлөөлөл болсон олон тооны тавиул малтан иргэд, уяачид ч энэ ангилалд багтан “хохирох“ магадлалтай.
3. Монгол орны бэлчээрийн мал аж ахуй нь экологтийн хувьд харьцангуй цэвэр бүтээгдхүүн үйлдвэрлэдгээрээ олон улсын зах зээл дээр өрсөлдөх өндөр чадавхитай. Түүний зэрэгцээ нэг талаас ашиг шим багатай бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрэлэлийн өсөлт, хотжилтыг дагасан эрэлтээс хоцрох болсон, нөгөө талаас бэлэнчлэх сэтэлгээг өөгшүүлдэг ноосны, ямааны, хувь хишгийн гээд бэлэн мөнгө тарааж, малчдын малаа борлуулж, эргэлтэнд оруулах сонирхлыг нь бууруулдаг харалган бодлогын нөлөөллөөр хот суурин газрын мах, сүүний хомсдол архагшиж, үнэ өссөнөөр энэ чиглэлийн бизнест хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, гаднаас өндөр ашиг шимтэй мал гол төлөв “төрийн” дэмжлэгтэйгээр чимээгүйхэн оруулж ирэх нь нэмэгдлээ. Мал аж ахуйд хөрөнгө оруулах нь мэдээж бэлчээргүйгээр бүтэхгүй, ашгийн төлөө ажиллдааг хувийн болон төрийн өмчийн компаниуд бэлчээрийг бас л үнэгүй, төвөг яршиггүй авах сонирхолтой. Бэлчээрийг эзэмшүүлбэл энэхүү ашиг сонирхол “хохирно”.
Явцуу эрх ашгийг нийтлэг эрх ашигт нийцүүлэх буюу хохиорогчийг хожигч болгох нь
1. Бэлчээрийг эзэмшүүлэх ньмалчдын ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн сонирхлыг хавчих бодлого биш юм. Харин ч байгалийн эрсдлээс үл хамааран орлого, хөрөнгө нь тогтвортой нэмэгддэг, чанар, бүтээмж, өрсөлдөх чадвар нь сайжирсан тогтвортой хөгжил бүхий МАА-н салбар, малчдын тогтвортой амьжиргааг бий болно. Бүтээгдхүүний тоо, чанарын өсөлт нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг дээшлүүлж, үнийн өсөлтөөс сэргийлнэ.
2. Бэлчээрийг эзэмшүүлэх нь малчдын чинээлэг давхаргын эсрэг ч юмуу МАА-д хөрөнгө оруулалтыг шахаж хавчих гэсэн бодлого биш юм. Бэлчээрийг эзэмшүүлэхдээ одоо байгаа малын толгойн тоо, ашиглаж байгаа бэлчээрийг нь суурь болгох тул чинээлэг малчдын бэлчээрийн эрх ч нэгэн адил баталгаажиж хамгаалагдана. Гагцхүү өөрсдийн нөлөө, хэлхээ холбоог ашиглан бэлчээрийг сорчлон ашигладаг, дур мэдэн тэлдэг, бусдын эрх ашгийг хохироодог буруу практикийг халж, сайн засаглалын зарчимд нийцүүлэх юм. Сайн засаглал нь хууль дээдлэх, ил тод байх, эрх ашиг нь хөндөгдөгсдийн оролцоог хангах, тэдний өмнө хариуцлага хүлээдэг байх гэсэн гол дөрвөн зарчмыг л шаарддаг. Баян, ядуу, тавиул малтан, мал аж ахуйд шинээр хөрөнгө оруулагч хэн ч бай бэлчээрийн эрхээ тэлж л байгаа бол үүнээс болоод хохирогч байгаа эсэхэд ил тод үнлэгээ хийдэг, тэдний эрх ашгийг оролцуулж, харгалзан үздэг, хохиролгүй болгох асуудлыг л хуулчилна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга ёсонд нийцүүлэн хуулийн хүрээнд ашиг орлогоо нэмэгдүүлж болдог, бусдын эрх ашгийг түүний дотор үе үеийнхний өмч болсон газрын чанарыг хадгалах төрийн эрх ашгийг дээдлэх зарчмыг л мөрдүүлнэ гэсэн үг. Энэхүү зарчим бэлчээрээс газар авч байгаа уул уурхай, аялал жуулчлал, барилга, дэд бүтцийн компаниудад нэгэн адил мөрдөгдөнө. Бэлчээрээ алдана гэдэг нь зөвхөн өвөлжөө, хаваржаагаар хязгаарлагддаггүй, улирлын болон отрын нөөц нутагт орох эрхээ хязгаарлуулсан, зам шугам шүлжээгээр таслуулсан гээд олон хэлбэртэй бөгөөд үүнд өртсөн малчид хохирлоо барагдуулах эрх зүйн орчингүй байна. Тэдний хохирлыг тооцож, нөхөн барагдуулах нь жудагтай ямар ч салбар, бизнесийн энгийн ёс зүй болох учиртай. Дүгнэж хэлбэл зохицууллатгүй орчинд амтшан доройтох “хохирогчдыг” сэхээрүүлж, хууль, шударга ёсонд нийцсэн хожигч болгох тухай л асуудал юм.
3. Бэлчээрийн газар олголт, шилжүүлэх эрх мэдэл албан тушаалтнуудын гарт байгаа цагт авилгын асуудал щийдэгдэхгүй болох нь өнгөрсөн болон эдүгэгийн практикаар нотлогдоод байна. Иймд авилгад амташсан үйлдлээс улбаалсан бэлчээрийг эзэмшүүлэхийн эсрэг ил, далд лоббидүл автан асуудлыг нэгмөр цэгцлэх нь нийтийн эрх ашиг юм.
Бэлчээрийг эзэмшүүлэхийн эсрэг “хадны мангаа” ба үнэн учир
Бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг нь хувааж өгөөд, хашаад эхлэх юм, ингээд нүүдэл суудал байхгүй болж, довон дээрээ үхэх сэхэхээ үзэх юм байна, зөрчил, маргаан дэвэрч, бэлчээрийн мал аж ахуй устах нь гэсэн буруу ойлголт санаатай болон санамсаргүйгээр энд тэнд хэлэгдэж, хадны мангаа шиг айлгаж явна. Энэ бол Монгол орны нөхцөлд таарахгүй, үндсээрээ буруу ойлголт. Бэлчээрийг эзэмшүүлэхийн үндсэн зорилго нь өнөөгийн зохисгүй ашиглалтыг халж, бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлдэг болгоход чиглэнэ. Энгийнээр хэлбэл малчид нэг дор хоригдох биш, харин дөрвөн өөр газар улирлын бэлчээр эзэмшиж, ган, зудын үед нөөц нутаг ашиглах эрхийг нь албан ёсны болгон баталгаажуулж байгаа хэрэг юм.
Бэлчээрийг эзэмшүүлэх зөв үзэл баримтлал нь дараахь зүйлд оршино. Үүнд:
1. Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг нэг загвараар хийх боломжгүй. Тухайн суманд бэлчээрийг эзэмшүүлэх асуудлыг гаднаас хүн ирээд хуваагаад өгөх биш, эзэмшүүлэх эсэх, аль газрыг хэзээ, аль улирлын бэлчээрийг яажэзэмшүүлэх вэ гэдгийг малчид өөрсдөө баг, сумаараа хэлэлцэж байж шийднэ. Зарим газар бэлчээрийг эзэмшүүлэх тохироо аль хэдийн бүрдчихээд эзэмшүүлэх асуудлыг хойшлуулах нь хөгжлийг хойш татагч хүчин зүйл болоод байхад зарим газар бэлчээрийн даац хүрэлцээтэй, иймээс уламжлалт аргаар малчид бэлчээрээ доройтуулахгүйгээр ашиглаад явах боломж шавхагдаагүй байж болно.
2. Бэлчээрийн албан гэрээгээр эзэмшүүлэх нь бэлчээрийг ашиглаж ирсэн шилдэг уламжлал, албан бус зөвшилцлийн механизмуудтай зэрэгцэн оршихоос биш тэдгээрийг бүрэн орлох боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
3. Ган, зудын үед ашиглах отрын нөөц нутгийг баг, сумын, аймгийн болон улсын хэмжээнд тогтоож, эзэмшүүлэлгүй өмчлөгчийн мэдэлд байлгана. Отрын нөөц нутагт мал оруулахдаа түүний даацыг тооцон үзэж, даац хэтэрч, туурайн зуд болгохгүй байх зарчим баримтлана.
4. Манай орны дийлэнхийг хамрах бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутагт бэлчээрийг эзэмшүүлэхдээ өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийг өрх хот айлаараа, улирлын бэлчээрийг малчдын бүлгийн түвшинд эзэмшүүлнэ. Тухайн бүлэгт эзэмшүүлэх бэлчээрийн хил доторхи бүх малчин өрхийг заавал хамарсан буюу аливаа нэг өрхийг бүлэг (гишүүнчлэл)-ээс гадуур орхиж, бэлчээр ашиглах эрхийг нь хаан боогдуулахгүйгээр зохион байгуулагдана.
5. Одоогийн эзэмшлийг аль болох хөндөхгүй байх, эзэмших субъектийг малчны бүлгийн түвшинд шийдэх нь хэнд, хэдий хэмжээний болон өрх, хот айл хоорондын хил заагийн эмзэг асуудлыг сөхөж үймүүлэхгүй байх практик шийдэл юм. Гэхдээ бүлгийн эзэмшлийн бэлчээр дотроо малчин өрх, хот айл нь өөрийн өвөлжөө, хаваржаатай байна.
6. Цаг агаараас хамааруулан жил бүр тогтоох бэлчээрийн даацад малын ачааллыг уялдуулах нь эзэмшигчийн үндсэн үүрэг байна. Түүнийг сахиулах эдийн засгийн хөшүүрэг нь даац хатрүүлсэн хэмжээгээр өсөн нэмэгдэх бэлчээр ашиглалтын төлбөр байна.
7. Ган, зуд болсон нөхцөлд аргагүй нөхцөлд малчид бэлчээрийн даацаас хэтрүүлэлгүйгээр бусдын нутагт орох эрх эдлэж, бусдыгаа оруулах үүрэг хүлээнэ. Сумын захиргаа ч гаднын малыг оруулах зөвшөөрөл олгохдоо хичнээн мал оруулах бололцоотой болохыг эзэмшиж байгаа малчидтай урьдчилан зөвшилцөж байж шийдэх зарчим барина.
8. Эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд зориулж бэлчээрийг улирал харгалзахгүйгээрмалчдын бүлэг, иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлж, зах зээл, дэд бүтцийн шугам, сүлжээ дагаад хөгжиж эхэлж байгаа фермерийн аж ахуйнуудын газартай холбоотой асуудлыг нь эрх зүйн хувьд бүрэн шийдэж, хөгжилд нь түлхэц өгнө.
Бэлчээрийг эзэмшүүлэх нь нийтийн эрх ашгийн эрхэм эрэмбэ
Бэлчээрийг эзэмшүүлснээр:
1. Бэлчээр эзэнтэй болж, зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах хөшүүрэг бий болно.
2. Эзэмшүүлэх бэлчээрийн хил заагийг тогтоосноор малын тоог хязгааргүй өсгөх биш харин харин эдийн засгийн эргэлтэнд оруулан борлуулах, ашиг шим, чанарыг эрхэмлэх сэтгэлгээ төлөвшинө.
3. Мал аж ахуйг чанар, бүтээмжид суурилсан тогтвортой хөгжлийн гольдрилд оруулж, МАА-н өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж, үнийн өсөлтөөс сэргийлнэ.
4. Бэлчээрийн эдэлбэрээс бусад эдэлбэрт шилжихэд малчид, нутгийн захиргаа, мал аж ахуйн салбарын эрх ашгийг зохистой харгалздаг нөхцлийг бүрдүүлнэ.
Бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчныг хамгийн хялбар шийдэх гарц нь “Бэлчээрийг дараах байдлаар эзэмшүүлж болно. Үүнд: Бэлчээрийн мал аж ахуйн эрхлэх зориулалтаарМонгол улсын иргэнд хэсэг бүлгээр нь, Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар Монгол улсын аж ахуйн нэгж болон иргэнд өрхөөр нь болон хэсэг бүлгээр нь” гэсэн заалтыг Газрын хуульд оруулж, хэзээ хэрхэн хэрэгжүүлэх эрхийг нь сумд, малчдад өгөх явдал юм. Учир нь бүс нутаг, аймаг, сумаар эрс ялгаатай байгаа бэлчээрийг эзэмшүүлэх шаардлага, арга зам, хугацаа, хамрах хүрээний маш нарийн олон асуудлыг Газрын хуулийн төсөлд тусгах гэж оролдох нь бүтэшгүй бөгөөд шаардлагагүй юм. Эдгээр асуудлыг малчид өөрсдөө хэлэлцэж, баг, сумын хурал, захиргааны шийдвэрээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой. Зарим онцлог асуудлыг тухайлбал, цаг агаар хүндэрсэн нөхцөлд бие биеийн нутагт харилцан орох эрх, үүрэг, бусдын эзэмшсэн нутаг дээгүүр дайран өнгөрөх журам, зориулалт өөрчилсөн, гадаадын иргэн харьялалгүй хүнд шилжүүлэхийн эсрэг хориг зэргийг гэрээ, холбогдох журмаар уян хатан зохицуулж болно.
Бэлчээрийг эзэмшүүлэх нь ийнхүү амьдрал дээр хариугаа нэхсэн Монгол орны хөгжлийн тулгамдсан олон асуудлын шийд болоод байна. Энэ асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэж, нийтийн эрх ашгаа дээдэлцгээе, УИХ-ын эрхэм гишүүд ээ!
БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ