МАЛ АЖ АХУЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО ИЙМ БАЙНА

МАЛ АЖ АХУЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО ИЙМ БАЙНА

(Засгийн газраас санаачилсан шинэчлэлийн хөтөлбөрт зориулсан нээлттэй төслийн үзэл баримтлал, Өдрийн сонин”-ы 2012 оны 9-р сарын 4 дугаарт нийтлэгдсэн)

Бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн байдал

 

1.   Нийт мал сүргийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг нутгийн мал нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон боловч үүлдэрлэг байдал, ашиг шим өгөх чадавхи харьцангуй доогуур, цаашид нэмэгдүүлэх боломж бага учраас малаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малчдын амьжиргааны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах чадвар нь улам бүр мөхөсдөх болсон /Баримт: хот, сурин газрын мах, сүүний хомсдол, түүнийг дагасан үнийн хөөрөгдөл/

 

 

2.   Хуурайшилт, ган, зудын давтамж ойртож байгаа зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд малын дасан зохицох чадвар мөхөс /Баримт: ган, зуднаар хорогдох малын тоо үндэсний дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээг ихээхэн савлуулж бууруулдаг/

3.   Мал, малчдын тоо огцом нэмэгдсэнээр бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэж, ган, зудын үед ашигладаг отрын нөөц нутагтай байсан тогтолцоо үгүй болж, зохицуулалтгүйн улмаас үүдсэн бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч байгаа /Баримт: ихэнх аймаг, сумд өөрийн отрын нөөц нутаггүй, замбараагүй “сохроор”  нүүдэллэж, туурайн зуд болох нь түгээмэл/

4.   Бэлчээрийг нийтээр ямар нэг хариуцлага, төлбөргүй ашигладаг тогтолцоо нь:

     А. Малыг аж ахуйн эргэлтэд оруулан борлуулах сонирхлыг хааж, толгойн тоог хэт өсгөх, нөгөө талд хотын хүн амын махны зохиомол хомсдолыг бий болгож  

     Б. Бэлчээрийг эзэнгүйдүүлж, малчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс бэлчээрийг зохистой төлөвлөж ашиглах, хамгаалах, сайжруулах санаачлага гаргах сонирхлыг хаан боогдуулж

В. Өөрийн сонирхолд нийцүүлэн бэлчээрийг дур зоргоор ашигладаг цөөн тооны чинээлэг малчид, олон тооны мал бүхий хотын баячууд, компаний бэлчээрийн эрхийг тэлж, малчдын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа дундаж болон ядуу малчдын бэлчээрийн эрхийг хумьж, нийгмийн тэгш бус байдлыг дэвэргэж

Г. Бэлчээрийн эдэлбэрээс уул уурхай зэрэг бусад эдэлбэрт шилжүүлэхэд малчдын эрх ашгийг үл ойшоон хохироох хандлагыг хөхүүлж

Д. Мал, малын гаралтай бүтээгдхүүний тоо хэмжээг биш харин түүний чанарыг тэтгэсэн үнийн урамшуулын механизм бий болж үйлчлэхэд саад учруулж байна.

 

Дээрхи байдал нь малчдыг зөвхөн толгойн тооны хойноос хөөцөлдөж, мал, малаас гарч байгаа бүтээгдхүүний чанарыг үл ойшоосон сэтгэлгээ үрүү түлхэж, мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг сулруулж буйн дээр хөдөөгийн ядуурал буурахгүй байгаа үндсэн шалтгаан болж байна.

 

Зах зээлд шилжихээс өмнө мал аж ахуйн салбарт 90 орчим мянган өрх ажиллаж, дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй ихээхэн хэмжээний малыг экспортод гаргаж болоод байв. Энэ үед богийг 500-аар, бодыг 140-өөр суурилж байсан нь малчин өрхийн амьдралын баталгаа болж байв. Гэтэл өнөөдөр 170 орчим мянган малчин өрхийн 80 гаруй хувь нь 200 хүртэл малтай байгаа нь өрхийн хөдөлмөрийн чадвартай гишүүдийг бүтэн ажлаар хангахгүй байгаа (далд ажилгүйдлийн хэлбэр)– гийн дээр амьжиргааны эх үүсвэр нь болж чадахгүй байна.  Малчдын дунд хийсэн судалгаагаар амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад нэг өрхөд 400 толгой мал хэрэгтэй байна. Гэвч нийт 170 мянган малчин өрхийг ийм хэмжээний малтай болгоё гэвэл 70 сая мал хэрэгтэй бөгөөд ийм бэлчээрийн даац байхгүй юм. Үүнээс үзвэл салбарын өнөөгийн байдал нь тэжээх чадвараасаа илүүдсэн олон тооны өрхийн хэт жижиг аж ахуйг үхүүлдэг ч үгүй, сэхээдэг ч үгүй амь аргацаасан байдлаар царцааж, шинэ мэдлэг, шинэ технологи өөд тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг нь мохоон, хүн амын 30 гаруй хувийг үл хөгжихүйн хүлээсэнд боомилж байна.

 

Өнөөгийн байдлаас гарах арга зам

 

Толгойн тоогоор хөөцөлдөж, бэлчээр, ус, хадлан зэрэг амин чухал нөөцөө доройтуулдаг “чөтгөрийн тойрог”-оос малчдыг салгаж, МАА-н бүтээгдхүүний чанар, өрсөлдөх чадварыг шинэ шатанд гарган байгаль орчинд ээлтэй, малчдад өгөөжтэй тогтвортой хөгжлийн гольдролд МАА-н салбарыг оруулж чадах эсэх нь харилцан бие биеэ дэмжсэн шинэчлэлийн бодлогын дараах 3 арга хэмжээнд оршиж байна. Үүнд:

1.      Бэлчээрийг малчдад эзэмшүүлэх буюу гэрээгээр ашиглуулах

2.      Бэлчээр ашиглалтын төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх

3.      Малын тооноос чанарт шилжих явцыг урамшуулах бусад хөшүүргүүдийг ашиглах

 

Бэлчээрийг эзэмшүүлэх буюу гэрээгээр ашиглуулах

 

Бэлчээрийг эзэмшүүлэх ажлын үндсэн зорилго нь өнөөгийн эмх замбараагүй ашиглалтыг халж, бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлдэг болгоход чиглэнэ. Энгийнээр хэлбэл малчид нэг дор хоригдох биш, харин дөрвөн өөр газар улирлын бэлчээр эзэмшиж, ган, зудын үед нөөц нутаг ашиглах эрхийг нь албан ёсны болгон баталгаажуулж байгаа хэрэг юм.

 

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь:

              i.      Бэлчээр эзэнтэй болж, зохистой ашиглах, хөрөнгө хүч зарж хамгаалах зэргээр өөриймсэг хандах

            ii.      Эзэмшүүлэх бэлчээрийн хил заагийг тогтоосноор малын тоог хязгааргүй өсгөх биш харин харин эдийн засгийн эргэлтэнд оруулан борлуулах, ашиг шим, чанарыг эрхэмлэх сэтгэлгээг төлөвшүүлж

          iii.      Бэлчээрийн эдэлбэрээс бусад эдэлбэрт шилжихэд малчид, нутгийн захиргаа, мал аж ахуйн салбарын эрх ашгийг зохистой харгалздаг нөхцлийг бүрдүүлнэ.

 

Баримтлах зарчим:

              i.      Нийтээр ашиглах зуслан, намаржаа, отрын нөөц нутаг, хужир мараа, ил ус, байгалийн болон түүх соёлын дурсгалын онцгой өв бүхий зэрэг газрыг эзэмшүүлэхгүй, харин нийтээр ашиглах зориулалттайгаар сумын мэдэлд үлдээнэ. Ийм зарчмаар багт нийтээр ашиглах бэлчээр, бусад нөөц байж болно.

            ii.      Нийтээр ашиглахаас бусад бэлчээрийг малчдын бүлэгт, харин эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зорилгоор Монгол улсын иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлнэ.

          iii.      Эзэмшүүлэх бэлчээрийн байршил, аль улирлын бэлчээрийг эзэмшүүлэх асуудлыг  бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, бэлчээрийн тодорхой нөөцийн онцлог, малчдын хүсэлтийг харгалзан сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу Засаг дарга шийдвэрлэнэ. 

          iv.      Малчдын бүлэг нь бэлчээр эзэмших бүлэг байна. Тухайн бүлэгт эзэмшүүлэх бэлчээрийн хил доторхи бүх малчин өрхийг заавал хамарсан буюу аливаа нэг өрхийг бүлэг (гишүүнчлэл)-ээс гадуур орхиж, бэлчээр ашиглах эрхийг нь хаан боогдуулахгүйгээр зохион байгуулагдана. 

            v.      Бэлчээр эзэмших хүсэлт гаргаж буй малчдын бүлэгт байх өрхийн тоо нь тухайн бүлгийн хил заагаартодорхойлогдоно.

          vi.      Бэлчээрийг эзэмшүүлэхдээ бэлчээр ашиглалтын одоогийн хэв маягийг уян хатан хадгалах буюу хэн аль улиралд хаана нутаглаж аль бэлчээрийг зонхилон ашигладаг болохыг харгалзан шийдвэрлэнэ.

        vii.      Бэлчээр эзэмших бүлгийн бүрэлдэхүүн нэг улирлаас нөгөө улиралд шилжихэд өөрчлөгдөж болно. Өөрөөр хэлбэл, тухайн нэг өрх өвөлжөөндөө гурван айлтай хамт байдаг бол түүгээрээ бүлэг болон өвөлжөөнийхөө бэлчээрийг эзэмшдэг, харин хаваржаандаа өөр дөрвөн айлтай хамт байдаг бол дээрхитэй адилаар тусдаа бүлэг болж хаваржааны бэлчээрийг эзэмшиж болно.

      viii.      Малчдын бүлгийн гишүүн өрхөөс шинээр малчин өрх тасрахад бүлгийн эзмшиж байгаа бэлчээрийн дотор өвөлжөө, хаваржаа олгож болох эсэх, бүлгийн гишүүн шилжихэд түүний эзэмшиж байсан өвөлжөө, хаваржааг хэрхэн ашиглахыг бүлэг бие даан шийдвэр гаргах эрхтэй байна. Гагцхүү бүлэг хоорондын бэлчээрийн маргаан зэрэг өөрсдийнх нь эрх хэмжээнээс давсан асуудал дээр баг, сумын оролцоо шаардагдана. Бэлчээр эзэмших бүлгийн эрх хэмжээг тогтоосон үлгэрчилсэн дүрмийг Засгийн газраас гаргаж, орон нутагт тохируулан мөрдөж ажиллана.

          ix.      Бэлчээрийг 15-аас 60 хүртэл жилээр эзэмшүүлнэ.

            x.      Бэлчээрийг гэрээгээр эзэмшүүлэх бөгөөд нэг талаас сум/дүүргийн Засаг дарга, нөгөө талаас эзэмших бүлгийн нийт гишүүд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулна.

          xi.      Бэлчээрийг эзэмшүүлэх гэрээний үлгэрчилсэн загварыг Засгийн газраас тогтооно.

        xii.      Ган, зуд болох зэрэг давагдашгүй эрсдэл тохиолдвол отрын нөөц бэлчээрт, гарцаагүй тохиолдолд бусдын малыг өөрийн зэмшлийн бэлчээрт оруулах үүргийг бэлчээр эзэмшүүлэх гэрээнд заавал тусгана. Оруулах малын тоо нь эзэмшиж буй бэлчээрийн даацхэтрэх, туурын зуд болоход хүргэхгүй байх зарчмыг хатуу баримтална.

      xiii.      Бэлчээрийг эзэмшүүлэх гэрээнд бэлчээрийг эзэмшигч бүлэг малын тоог бэлчээрийн даацаас хэтрүүлэхгүй байх үүргийг заавал тусгана. Бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэж ашигладаг, ган, зудын үед орох отрын нөөц нутагтай байх нь МАА-н үндэс суурь болсон бэлчээрийг талхлагдал, хэт ашиглалт, доройтол, цөлжилтөөс хамгаалах гол арга юм. Энэ аргыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь малын толгойн тоог бэлчээрийн даацаас хэтрүүлэхгүй барих явдал юм. Бэлчээрийн гарц цаг агаараас хамааран өөрчлөгдөх тул бэлчээрийн даацыг жил бүр үнэлнэ. Бэлчээрийн даацыг жилээр тооцохын зэрэгцээ улирал, сараар тооцож болно. Бэлчээрийн даац тооцох аргачлалыг Засгийн газраас тогтооно.

 

Бэлчээрийг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах нь бүрэн боломжтой болохыг Мянганы сорилтын сангийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хот орчмын бэлчээрийн төсөл”-ийн үр дүнгээс тодорхой харагдаж байна. Уг төслийн хүрээнд Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Дорнод аймгийн 50 сумын нутагт 400 орчим малчдын бүлэг өөрсдийн хүсэлт, хөрш малчдын зөвшөөрөл, багийн хурал, сумын Засаг даргын шийдвэрийн дагуу тус бүр нь 500-2000 орчим га бэлчээрээ гэрээгээр ашиглаж, түүн дээрээ нутгийн болон цэвэр, эрлийз мал бүхий эрчимжсэн, хагас эрчимжсэн аж ахуй эрхлээд явж байна.  

 

Бэлчээр ашиглалтын төлбөр

Бэлчээр ашиглатын төлбөрийн зориулалт нь дараах зүйлд оршино. Үүнд:

              i.      Малын тоо, төрлийг бэлчээрийн даацтай шууд уялдуулах эдийн засгийн хөшүүрэг, бэлчээр ашиглалтын гэрээнд заасан малчдын бүлгийн бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх үүргийг нь хэрэгжүүлэх механизм болгох

            ii.      Бэлчээрийг зохистой ашиглах, МАА-н эрсдлээс хамгаалах ажлыг жил бүр малчдын саналд тулгуурлан урьдаас төлөвлөж, хэрэгжүүлэхэд ашиглах орон нутгийн мэдлийн тогтвортой санг төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилгод үйлчилнэ. Байнгын эх үүсвэр бүхий ийм сан байхгүйгээс байгалийн гамшиг болсны дараа малчид, орон нутаг төр засгаа хардаг, төр засаг нь олон улсын байгууллагаас хандив, тусламж гуйдаг, олдсон хөрөнгийг эмх замбараагүй, үр ашиг муутай зарцуулдаг тогтолцоо байсаар байх болно.

 

Бэлчээр ашиглалтын төлбөрийг нэвтрүүлэхэд дараах зарчмыг баримтлана. Үүнд:

1.      Бэлчээрийн төлбөрийн хэмжээ, ногдуулах журмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бэлчээрийг эзэмшүүлэх гэрээнд заавал тусгана.

2.      Бэлчээрийн төлбөр нь бэлчээрийн чанар (га-ийн ургац болон шимт чанар), байршил, малын төрөл, бэлчээрийн даац хэтрэлтээс хамааран ялгавартай тогтоогдоно. Үүнд:

              i.      Талхлагдал, доройтол, цөлжилтөд өртөөгүй, байгалийн аясаараа байгаа сайн бэлчээр ашиглаж байгаа малчин янз бүрийн шалтгааны улмаас муудсан бэлчээр ашиглаж байгаа малчныг бодвол нөхцлийн хувьд давуу байгаа юм. Ийнхүү сайн бэлчээрт харьцангуй өндөр төлбөр тогтоож, малчдад ижил боломж олгох үүргээ төр биелүүлэх шаардлагатай. Бэлчээрийн чанарын ялгааг харуулсан 1:100000 масштабтай нарийвчилсан зураглал бүх сумдаар хийгдсэн байгаа.

            ii.      Томоохон зах зээл, үйлчилгээнд ойрхон малчид харьцангуй хямд зардлаар бүтээгдхүүнээ борлуулах, үйлчилгээ авах боломжтой байхад алс нутагладаг малчид эсрэгээрээ байна. Алслагдсан бэлчээрт харьцангуй бага төлбөр тогтоох нь эдийн засгийн ижил боломж олгохоос гадна төв рүү чиглэсэн их нүүдлийг хазаарлах, алслагдсан бэлчээр нутгийг эзэнтэй, ашиглалттай байлгах хөшүүрэг болно.

          iii.      Ямаа малчдын мөнгөн орлогын голэх үүсвэр мөн ч бэлчээрт илүү хорлонтой гэдэг. Иймд ямаанд ногдуулах төлбөр өндөр байх нь бэлчээрээ бодсон ч, олон ямаатай малчдын төлбөрийн чадварыг бодсон ч зохистой.

          iv.      Бэлчээрийн даацыг хэтрүүлсэн нөхцөлд өсгөн нэмэгдүүлсэн өндөр бэлчээрийн төлбөр тогтооно. Энэ нь бэлчээрт учирсан хохирлыг арилгах, нөхөхөд шаардагдах зардлыг хаах хэмжээнд нэмэгдүүлсэн төлбөр байвал зохино. Энэ нь бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх гэрээгээр хүлээсэн үүргээ малчдаас хэрэгжүүлэх эдийн засгийн ба хариуцлагын хөшүүрэг, нөгөө талаас нэгэнт даацыг хэтрүүлж байгаа бол учруулсан хохирлыг нөхөх механизм болно.

3.   Бэлчээрээ тордож сайжруулсан, зам тавих, худаг ус гаргах зэргээр өөрийн хүч хөрөнгөөр алслагдсан нутгийг эзэмшсэн малчдыг бэлчээрийн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх эрхээр орон нутгийн захиргаа хангагдана.

 

Бэлчээрийн төлбөр нь “Монгол мал” хөтөлбөрийн 4.4.1.3-т “Малын тоо, төрлийг бэлчээрийн даацтай уялдуулах, бэлчээрийн даац хэтэрсэн нутагт байлгах малын тооны дээд хязгаарыг тогтоож, түүнээс давуулахгүй байлгах эдийн засгийн хөшүүргийг бий болгох” гэсэн зорилттой нийцэж байгаа юм.

 

Харин амьдрал дээр “Бэлчээрийг зохих хэмжээний төлбөртэй болговол малчид хүлээж авах уу, Малчдын эрх ашигт нийцсэн төлбөрийн тогтолцоо байх боломжтой юу, Үүнийг ямар арга, зарчмаар хэрэгжүүлэх вэ?”гэсэн асуултууд ихээхэн сонирхол татна.

 

Тогтвортой амьжиргаа-II төслийн хүрээнд дээрх асуултуудад хариу авах зорилготой суманд Бэлчээрийн МАА-н эрсдэлийн сан байгуулах туршилтыг өндөр уулын бүсийн Ховд аймгийн Манхан сум, ойт хээрийн бүсийн Архангай аймгийн Өндөр-Улаан сум, хээрийн бүсийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, говийн бүсийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумдад 2011 онд хэрэгжүүлсэн байна.

 

Туршилтын дүнгээс үзвэл манай орны нөхцөлд малчдын сонирхолд нийцсэн бэлчээр ашиглалтын төлбөрийн механизмыг нэвтрүүлэх бүрэн боломжтой болох нь харагдлаа. 2011 оны байдлаар МАА-н эрсдлийн сумын санд малчдаас сайн дураар төлсөн хураамжийг (бэлчээрийн төлбөрийг орлуулах механизм) сумаар авч үзвэл Манхан суманд 21.4 сая төгрөг буюу 214 мянган хонин толгой мал, Өндөр-Улаан суманд 12.5 сая төгрөг буюу 125000 хонин толгой мал,  Түмэнцогт суманд 7.5 сая төгрөг буюу 75000 хонин толгой мал, Хөвсгөл суманд 10.9 сая төгрөг буюу 109800 хонин толгой мал хамрагдаад байна. Бий болсон сангийн хөрөнгийг батлагдсан журмын дагуу бэлчээрийн менежмент, МАА-н эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулж, шат шатны хяналт тавьж ажиллаж байна.

 

Малын тооноос чанарт шилжих явцыг урамшуулах бусад хөшүүргүүд

 

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, бэлчээр ашиглалтын төлбөрийг нэвтрүүлэх нь малчдыг толгойн тооны хойноос хөөцөлдсөн сэтгэлгээнээс салгаж, чанарыг дээдэлсэн сэтгэлгээг төлөвшүүлэх зайлшгүй хөшүүргүүд болохыг авч үзлээ.

 

Малын толгойн тооноос чанарт шилжих үйл явц нь малчны хүсэл зориг, мэдлэг чадвар, малаа чанаржуулах (өндөр ашиг шимтэй цөөн мал худалдан авах буюу байгаа малынхаа үүлдэр, угсааг сайжруулах) санхүүгийн чадавхи, малчдад үзүүлэх төрийн болон орон нутгийн үйлчилгээний чанар, хүртээмж гээд маш олон хүчин зүйлээс хамааран амар хэрэгжих зүйл биш юм. Нэн ялангуяа энэ ажлын эхний шатанд малын толгойн тоог хязгаарласанаас  үүдэн гарах малчдын орлогын алдагдлыг мал, бүтээгдхүүний чанар нэмэгдсэнээс олох нэмэгдэл орлого хурдан нөхөж чадахгүй байх эрдсэлтэй. Энэ нь малчдын зүгээс сэтгэлгээгээ эргэлт буцалтгүй өөрчлөхөд саад болно. Иймд төрийн зүгээс мал, бүтээгдхүүний чанарын урамшууллыг дээрх хоёр арга хэмжээтэй нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь энэхүү эрсдлийг даван туулж, мал аж ахуйг тогтвортой хөгжлийн замд оруулахад зайлшгүй шаардлагатай гурав дахь арга хэмжээ юм. Энэ нь “Монгол мал” хөтөлбөрийн “Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанараас хамаарсан эдийн засгийн хөшүүрэг бий болгон хэрэгжүүлэх” гэсэн 4.5.2 дахь заалттай нийцэж байна.

 

Хэдийгээр мал, мал аж ахуйн бүтээгдхүүний худалдан авагч нь хувийн салбарынхан байдаг боловч, тэдний зүгээс чанарын ялгавартай үнэ нэвтрүүлэх чадавхи хараахан бүрдээгүй байна. Тухайлбал, малчдаас нийлүүлдэг сүүний нянгийн бохирдол нэн өндөр байдгаас түүгээр удаан хадгалагдах бүтээгдхүүн (UHT бүтээгдхүүн) хийх боломжгүй байна. Иймд сүү боловсруулах үйлдвэрүүд импортоор их хэмжээний хуурай сүү оруулж ирэн удаан хадгалагдах бүтээгхдүүн үйлдвэрлэдэг нь малчдын сүү борлохгүй, үнэ хүрэхгүй байх шалтгаан болоод зогсохгүй хотын хүн амыг эх орны сүүгээр хангах боломжийг хязгаарлаж, жил бүр 20 гаруй сая долларын валютын алдагдалд оруулж байна. Сүү боловсруулах үйлдвэрүүд нян багатай сүүг өндөр үнээр авах санаачлагыг өөрсдөө гаргая гэхээр шаардлага хангасан сүү нэгэн зэрэг бөөнөөр ирж чадахгүйгээс үйлдвэрлэлийн технологоо өөрчлөх санхүүгийн чадамж, эдийн засгийн сонирхол дутагдаж байна. Иймд удаан хадгалагдах бүтээгдхүүн үйлдвэрлэх стандартын шаардлага хангахуйц сүүг малчдын зүгээс хангалттай хэмжээнд нийлүүлж, сүү боловсруулагчид технологио өөрчлөх хүртэлх хугацаанд нянгийн бохирдлын стандартад нийцсэн сүүнд олгох үнийн урамшууллыг төрөөс хариуцан олгох нь эдийн засгийн үндэслэлтэй юм. Харин боловсруулах үйлдвэрүүд гаднаас хуурай сүү авах шаардлагаүй болсон тохиололд үнийн урамшууллыг төр биш сүүний үйлдвэрүүд өөрсдөө хариуцаад явах бүрэн боломжтой,  ингэх ч шаардлагатай. Иймэрхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим дээр суурилсан мал аж ахуйг дэмжих бодлогыг ноолуур, мах, ноос, арьс шир гээд мал аж ахуйн бүтээгдхүүнйи төрөл бүр хэрэгжүүлэх боломжтой.

 

Түүнээс гадна мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлж, малчин өрхийн амьжиргааг баталгаажуулахын тулд мал аж ахуйн салбарт шингэсэн илүүдэл ажиллах хүчийг татах, ажлын байраар хангах нь үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогын салшгүй хэсэг юм. Шинэ ажлын байрны асуудлыг шийдэхэд анхан шатны ангилалт хийх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, зуучлах, үйлчилгээ үзүүлэх зэрэг мал, бүтээгдхүүний  чанарын стандартыг хангуулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах нь эн тэргүүний ач холбогдолтой.

 

Мал аж ахуйн шинэчлэлийн бодлого нь:

 

1.      Мал аж  ахуйн салбарын өрсөлдөх чадвар, мал, бүтээгдхүүний чанарыг дээшлүүлснээр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах

2.      Малчны бүтээмж, орлогыг тогтвортой нэмэгдүүлэх

3.      Байгаль орчныг хамгаалах

4.      Боловсруулах үйлдвэрүүд, хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлэх үндэсний цогц эрх ашгийг хангаж чадах юм.    

 

 

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА