БЭЛЧЭЭРИЙГ ТӨЛБӨРТЭЙ АШИГЛУУЛЖ БОЛОХ НЬ

БЭЛЧЭЭРИЙГ ТӨЛБӨРТЭЙ АШИГЛУУЛЖ БОЛОХ НЬ

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд аливаа нөөцийг төлбөртэй ашигладаг, ингэснээрээ түүнийг зохистой ашиглах эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлдэг нийтлэг жишигтэй.

Харин манай оронд бэлчээрийг малчид ямар нэг төлбөргүй ашигладаг. Энэ нь өнгөн дээрээ малчдаа харсан бодлого мэт харагдавч цаагуураа бэлчээрийг зохисгүй ашиглан доройтуулж байгааг өөгшүүлж, улмаар мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын эрх ашигт нийцсэн алсын хараатай бодлоготой зөрчилддөг юм.

 

Үүнтэй уялдан “Бэлчээрийг зохих хэмжээний төлбөртэй болговол малчид хүлээж авах уу, Малчдын эрх ашигт нийцсэн төлбөрийн тогтолцоо байх боломжтой юу, Үүнийг ямар арга, зарчмаар хэрэгжүүлэх вэ?” гэсэн асуултууд ихээхэн сонирхол татна.

 

Дээрх асуултуудын хариу нь УИХ-аас баталсан “Монгол мал” хөтөлбөр болон УИХ-аар хэлэлцэгдэх “Бэлчээрийн тухай”, “Газрын тухай” багц хуулийн төсөлд тусгагдсан бэлчээр ашиглалтыг зохицуулах эдийн засгийн механизм, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх гарц болох учиртай юм.

 

Тогтвортой амьжиргаа-II төслийн хүрээнд дээрх асуултуудад хариу авах зорилготой суманд Бэлчээрийн МАА-н эрсдэлийн сан байгуулах туршилтыг өндөр уулын бүсийн Ховд аймгийн Манхан сум, ойт хээрийн бүсийн Архангай аймгийн Өндөр-Улаан сум, хээрийн бүсийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, говийн бүсийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумдад 2011 оноос хэрэгжүүлж эхлээд байна. Туршилтад дараах зарчмыг баримтлав. Үүнд:

1.      Бэлчээрийн төлбөр авах эрх зүйн үндэс байхгүй тул малчдад үзүүлэх нөлөөлөл, тооцох арга зам, хураах, захиран зарцуулах хэлбэрийн хувьд бэлчээр ашиглалтын төлбөртэй төстэй тогтолцоогоор орлуулж турших

2.      Малчдад дарамт болохооргүй хэмжээтэй, тооцож авахад энгийн ойлгомжтой байх

3.      Бий болсон хуримтлалын дийлэнх хэсгийг эргүүлээд бэлчээрийн менежмент, мал аж ахуйн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулах, ингэхдээ малчид, орон нутгийн захиргаа аль аль нь ашиг хүртэж, малчид хот айл, бүлгийн түвшинд, сум  нийтийг хамарсан арга хэмжээнд зарцуулах боломжтой байх

4.      Бэлчээрийг ашиглагч малчдаас гадна түүнийг өмчлөгч төрийн зүгээс тодорхой хувь хандив оруулах, туршилтын хугацаанд энэхүү хөрөнгийг төслөөс гаргах

5.      Малчид сайн дураараа төлөх

6.      Туршилтын ажлын зорилго, ач холбогдлыг  малчид, орон нутгийн удирдлагад сайтар ойлгуулан тэдний оролцоотойгоор зохион байгуулах

7.      Бэлчээр ашиглалтын олон янз байдлыг төлөөлж чадах байгалийн бүсчлэлийг харгалзах

8.      Үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах

 

1-р зарчмыг хэрэгжүүлэхдээ суманд “Мал аж ахуйн эрсдэлийн сан” байгуулж, малчдаас уг санд хураамж төлөх хэлбэрийг сонгов. Энэ зорилгоор сангийн журмын төслийг боловсруулан дээрх сумдын ИТХ-аар хэлэлцүүлж, батлуулав.

 

2-р зарчмыг хэрэгжүүлэхдээ мал тооллоын дүнг үндэслэн малчдын хот айл, бүлэг нэг бүрээр малын тоог хонин толгойд шилжүүлж, нэг хонин толгойд ногдох суурь хураамжийг 100 төгрөгөөр тогтоов. Малын тоог хонин толгойд шилжүүлэхдээ бэлчээрээс малын идэх идэмжийг тооцоход хэрэглэдэг итгэлцүүрийг үндэс болгов. Гэхдээ малын бэлчээрт үзүүлэх нөлөөллийг харгалзан хонь 1, ямаа 2, тэмээ 3, үхэр 4, адуу 8 гэсэн итгэлцүүрийг хэрэглэв. Хот айл, малчдын бүлэг тавиул малд ноогдох хураамжийг төлөөлөн төлөх буюу эзнээр нь төлүүлж, МАА-н эрсдэлийн сангаас санхүүжилт авч болохоор тусгав.

 

3, 4-р зарчмыг хэрэгжүүлэхдээ нэгд, мал аж ахуйн эрсдэлийн сангийн орлогын 40 хувийг малчдын хот айл, бүлгээс төлөх хураамжаар, 60 хувийг Тогтвортой амьжиргаа-II төслийн хөрөнгөөр бүрдүүлэх (төсөл дууссаны дараа орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх боломжтой), хоёрт, хураамж төлснөөрөө хот айл, малчдын бүлэг төлсөн хураамжаа 75 хувиар өсгөсөн дүнгээр сангаас санхүүжилт авах эрх эдлэх ба олгосон санхүүжилтийг гагцхүү бэлчээр, МАА-н эрсдлийг бууруулах чиглэлээр заасан нэр бүхий ажлыг гүйцэтгэхэд зарцуулах, гуравт, сангийн үлдэх 30 хувийг сумын захиргаа мэдэлдээ авч, сум, багийн түвшний өвөлжилтийн бэлтгэл хангуулах, бэлчээр, эрсдлийн менежментийн нийтлэг арга хэмжээнд зарцуулах, ингэхдээ малчдаас санал авах, багийн хурлаар хэлэлцүүлэх зэргээр оролцооны зарчмыг баримтлахаар журамлав. Жишээлбэл, малчдын хураамжаар 10 сая төгрөг хуримтлагдахад (сангийн орлогын 40 хувь), төслөөс 15 сая төгрөг нийлүүлэн (сангийн орлогын 60 хувь) нийт 25 сая төгрөгөөр сумын МАА-н эрсдлийн сан бүрдүүлнэ. Малчид оруулсан 10 сая төгрөгөө 75 хувиар өсгөн (7.5 сая төгрөг) нийт 17.5 сая төгрөгийн санхүүжилтийг авч, хот айл, бүлгийн бэлчээр, эрсдэлийн менежментийн арга хэмжээнд зарцуулна. Үлдэх 30 хувь буюу 7.5 сая төгрөгийг сум мэдэлдээ авч бэлчээр, эрсдэлийн менежментийн нийтийг хамарсан арга хэмжээнд зарцуулна  гэсэн үг юм.

 

МАА-н эрсдэлийн сангаас санхүүжүүлэх нэр бүхий жишиг ажлуудад дараахь зүйлсийг багтаав. Үүнд:

1.      Малын хашаа, саравч, пүнз засварлах, дулаалах

2.      Тугал, хурганы пүнз барих, засах, тохижуулах

3.      Өвс, тэжээлийн хашаа, жижиг агуулах засварлах

4.      Өтөг бууц нөөцлөх

5.      Жижиг оврын цас хагалагч /далпуу/хийх

6.      Малын тэжээл, хужир шүү бэлтгэх

7.      Булгийн эх хаших, булаг тохижуулах

8.      Гар худаг гаргах

9.      Худаг лайдах

10.  Худгийн хашлага, ам, ховоо, онгоц засах

11.  Гүний худгийн насос, генератор засварлах

12.  Бэлчээрийн хортон мэрэгч, царцаатай тэмцэх арга хэмжээ авах

13.  Усан сан засах

14.  Худгийн орчимд мод, жимс, жимсгэний мод, бут тарих

15.  Тэжээлийн олон наст ургамлын үр бэлтгэж, бэлчээр, хадлан сайжруулах

16.  Малын нэмнээ, элгэвч, уут хийх

17.  Хадлангийн талбайн хөцөө засах

18.  Хадлангийн талбайг  бууцаар бордох

19.  Бүлэг дундын тэжээлийн цэг байгуулах

 

6-р зарчмыг хэрэгжүүлэхийн тулд сум, багийн удирдлагыг хамруулсан сургалтыг орон нутагт болон Улаанбаатар хотод зохион байгуулах, малчдаар явж сургалт, сурталчилгаа зохион байгуулах, үүнд багийн дарга нарыг дагалдуулан сургах, орон нутгийн зүгээс малчдаар явж хийх сурталчилгаанд тээврийн зардлын дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулав.

 

8-р зарчмыг хэрэгжүүлэхийн тулд нэгд, МАА-н эрсдэлийн сангийн тусгай дансыг сумын ХААН банкинд нээж, малчид хураамжийг 2011 оны 4 дүгээр сарын 10-наас 8 сарын 1-ны дотор багтаан дансанд төлөх, хоёрт,  хураамж төлөгч нь тусгай маягт бөглөж, төслийн сумын зохицуулагчид биеэр авчирч, мал тооллогын А данстай тулган хянуулаад хураамжаа төлснөөр сангаас санхүүжилт авах эрхээ эдлэх, олгох санхүүжилтийг хураамж төлөгчийн дансанд банкаар шилжүүлэх, гуравт, хураамж төлөгч гэрээ байгуулж, нийт санхүүжилтийн 80 хувийг авч ажлаа гүйцэтгэх, үлдэх 20 хувийг ажил дууссаны дараа хянаж банкаар шилжүүлэх, дөрөвт, сангийн бүрдүүлэлт, зарцуулалтыг гаргаж,холбогдох байгууллагуудад тогтмол тайлагнах ажлыг зохион байгуулав.

 

2011 оны 8-р сарын байдлаар МАА-н эрсдлийн сумын санд малчдаас төлсөн хураамжийг сумаар авч үзвэл Манхан суманд 21.4 сая төгрөг буюу 214 мянган хонин толгой мал, Өндөр-Улаан суманд 12.5 сая төгрөг буюу 125000 хонин толгой мал,  Түмэнцогт суманд 7.5 сая төгрөг буюу 75000 хонин толгой мал, Хөвсгөл суманд 9.8 сая төгрөг буюу 98000 хонин толгой мал хамрагдаад байна. Бий болсон сангийн хөрөнгийг батлагдсан журмын дагуу бэлчээрийн менежмент, МАА-н эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулж, шат шатны хяналт тавьж ажиллаж байна.

 

Дээрхээс үндэслэн манай орны нөхцөлд малчдын сонирхолд нийцсэн бэлчээр ашиглалтын төлбөрийн механизмыг бий болгох бүрэн боломжтой гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

 

Энэ асуудлыг шийдсэнээр “Монгол мал” хөтөлбөр,“Бэлчээрийн тухай” болон “Газрын тухай” багц хуулийн төсөлд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ мал аж ахуйн салбарын доорх тулгамдсан асуудлуудыг шийдэх боломж бүрдэх юм. Үүнд:

1.           Малчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс бэлчээрийг төлөвлөгөөний дагуу зохистой ашиглаж, хамгаалах, МАА-н эрсдэлийг бууруулах, нэн ялангуяа өвөлжилтийн бэлтгэлийг чанартай хангуулах эдийн засгийн сонирхол, хөрөнгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох

2.           Бэлчээрийн даац хэтрүүлэх, эмх замбараагүй ашиглах зэргээр хүний хүчин зүйлээс үүдэлтэй бэлчээрийн доройтлыг зогсоох эдийн засгийн хөшүүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох

3.           Ган, зуд зэрэг гамшгийн үед хэрэглэх сантай болсноор малчид, орон нутаг төр засгаа хардаг, төр засаг нь олон улсын байгууллагаас хандив, тусламж гуйдаг, олдсон тусламж нь цаг хугацааны хувьд хожимдон үр ашиг муутай зарцуулагддаг зохисгүй тогтолцоог бүрэн халах

4.           МАА-н салбарт төсвийн төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг малчдын оролцоотойгоор нэмэгдүүлэх үндсэн арга зам болно.

 

Цаашид бэлчээрийн чанарыг харгалзан суурь хураамжийг ялгавартай болгох, хил орчмын болон алслагдсан зэлүүд нутаг ашиглахад хөнгөлөх, чөлөөлөх, бэлчээрээ талхлан доройтуулсан тохиолдолд хураамжийг өсгөн нэмэгдүүлж тогтоох, малчдын бүлэг, хот айлын доторх ядуу өрхийн хураамжийг бусад нь ацаглан төлөх боломж бүрдүүлэх зэргээр энэхүү тогтолцоог улам боловсронгуй болгох бүрэн боломжтой юм.

 

ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-II ТӨСӨЛ        БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ