Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, улс төрийн хүчнүүдийн удирдлага, бүх шатны Хурал, Засаг дарга дарга нар, хэвлэл, мэдээллийнхэн, нийт иргэд, олон улсын хамтын нийгэмлэгт хандсан ил захидал
Үндэслэл:
- Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжиж эхлээд 15 жил өнгөрлөө. Манай хөгжлийн хурдац нэн удаан, ядуурал нэмэгдэж, нийгмийн баялаг цөөн хүний гарт төвлөрөх үйл явц хүчтэй өрнөж байна.
- Манай буурай хөгжлийн гол гогцоо асуудал, суурь шалтгаан нь юунд байна вэ? Газарзүйн таагүй байршил, сийрэг хүн ам гээд нэгэнт өөрчилж чадахгүй, улиг болсон зүйлсэд буруу чихэхээ болъё.
- Хувь хүн, бүлэг, намын явцуу сонирхол, тулга тойрсон улс төржилт, толхилцооноо түр ч атугай мартаад Монголын буурай хөгжлийн суурь шалтгааныг хамтдаа хайя.
- Зах зээлд шилжиж эхэлсэн өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн хөгжлийн гол үр дүн нь монголчуудын дийлэнх бүхнийг төрөөр бэлдүүлж байсан бэлэнчлэх сэтгэлгээнээс салж байгаад оршино. Энэ бол том ололт. Өнөөдөр хүн бүр амьдралаа аваад явах гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Монголчуудын өөрсдөө зүтгэе, өөдлөе, дэвшие гэсэн хүсэл эрмэлзлэл аль ч үндэстнийхээс дутахааргүй болжээ. Гагцхүү хүсэл тэмүүллээ бодит байдал болгох боломж нь хазаарлаад байна. Үүний шалтгаан юу вэ?
- Хариулт нэн тодорхой байна. Энэ бол төрийн машин эдийн засгийн хөгжлийн зүтгүүр болох нь битгий хэл хөгжлийг хойш татагч хүч болсонд байна. Үгүй гэж хэлэх, өөр шалтгааныг санал болгох аливаа улс төрийн хүчин, байгууллага, хувь хүн, бүлэглэлийг нээлттэй мэтгэлцээнд уриалан дуудаж байна.
- Төр эдийн засгийг хөтлөн удирдах үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн уршгаар манай орны хөгжил ухарч буцсан, эрх биш хувийн салбар нь байж байгаа учир үхэр тэрэг лүгээ хөдлөж ядаж байна. Зах зээлийн эдийн засгийн зүтгүүр нь хувийн салбарын хөгжил мөн боловч, төрөөс энэхүү зүтгүүрийн эрчтэй, түргэн давхих замыг нь засах үүрэгтэй байдаг. АНУ-ын төр дэлхийн хамгийн хүчирхэг хувийн компани Майкрософтыг зах зээлд хэт монопилчолж байгаагийн эсрэг хориг арга хэмжээ авч, шуугиан болж байлаа. Америкийн төрийнхөн Билл Гейтсийг хэт баяжчихлаа гэсэндээ тэгсэн үү. Үгүй юм. Үндэсний хөгжлийн эрч хүч нэг тал дээр хэт төвлөрч буйг сааруулж, цаашдаа илүү олон Бил Гейтсийг төрүүлэх гэсэн төрийн бодлого, зах зээлийн нууц гарт бүхнийг даатгаж болдоггүйн энгийн жишээ юм. Манай Улсын Их Хурал, бодлого боловсруулагчид иймэрхүү асуудлыг хир бодож, хөндөж байна вэ? Банкны зээлийн өндөр хүү, түүнийг дагасан банкны салбарын харьцангуй өндөр ашиг үндэсний эдийн засгийн сонирхолд хир нийцэж байна вэ? Банкныхны өөрсдийнх нь тайлбараас илүү хөндлөнгийн үнэлэмж ямар жинтэй байгаа бол. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа олонхи ах дүүс маань нэр нүүрээ баран байж олж байгаа цөөн хатуу валют Улаанбаатар хотод баригдах орон сууцны эрэлтийг бууруулахгүй байгаа нь хир зөв юм бэ? Энэ мөнгийг хэрэглээнд биш мөнгө дахин үйлдвэрлэх салбарт оруулах талаар ямар бодлого байна вэ?
- Ийм бодлого байхгүй байна. Манай улс төрчдөд ийм зүйлс бодож, сэтгэх сэхээ, зав, сонирхол, хариуцлага дутагдаж, энэ байдал өөрчлөгдөх найдлага харагдахгүй байна.
- Үүний учир нэн энгийн. Улс төр нэгэн төрлийн өндөр ашигтай бизнес болж байна. Монголын буурай хөгжлийн шалтгааныг эрж, хайж, засч залруулахын төлөө биш, харин өндөр цалинтай зөөлөн суудалд 4 жил тухлаж, улс төрийн бизнесийн ашиг хүртэхийн төлөө толгойгоо гашилгадаг, “хор найруулдаг”, өрсөлдддөг тогтолцоо манай улс төрд бэхжин төлөвшиж байна.
- Улс төрийн хүрээнийхний бие биеэсээ дээр гарах гэсэн тэмцэл, бизиесийн ашгийн төлөөх өрсөлдөөн нь үндэсний оюун санааны эрч хүчийг цөөн хүний хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн толхилцоонд үрж, үндэсний хөгжлийн бодлогыг эзэнгүйдүүлэн хүчгүйдүүлж байна.
- Монголчууд ходоодоороо саналаа өгдөг юм чинь түүнд нь таарсан улс төр байгаа гэж хэлэх ёс суртахууны эрх аль ч улс төрийн нам, улс төрчид байх учиргүй. Өнөөдрийг хүртэл иргэдийн улс төрийн анхан шатны боловсрол, сонголт хийх хариуцлагыг дээшлүүлэх талаар олигтой хийсэн зүйл аль ч нам, Засгийн газарт алга байна. Ардчилсан нийгэмд улс үндэстнээ алсын хараатай зөв замаар удирдан залж, үндэсний хөгжлийн эрх ашгийг тулга тойрсон ашиг сонирхлоос зааглан салгаж, олон нийтийн ухамсар сэтгэлгээг энэ чиглэлд хөтлөх хариуцлагыг улс төрчид бүрэн үүрэх учиртай.
- Мөнгөтэй, танил талтай, хор сайн найруулдаг, өөрийн явцуу сонирхлын төлөө юу ч хийхэд бэлэн чанарууд улс төрчдийн тогоонд илүү үнэлэгдэж, үндэсний ашиг сонирхлын төлөө, Монголын хөгжлийн төлөө, ард түмний төлөө зүтгэх чанар уланд гишгэгдэх хандлага хүч түрж байна.
- Энэ нь төрийн албанд үнэнч зүтгэх сонирхлыг няцааж, ингэж зүтгэж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн, урам зоригийг мохоож, төрийн албанаас шахан зайлуулах ташуур болж байна. Товчхон хэлбэл төр хүчгүйдэх үйл явц эрчтэй өрнөж байна. Энэ нь Монголын төр, Монгол үндэстэн улам доройтохын цондон болж байна.
- Эх нь булингартай бол адаг нь булингартай байдгийн жамаар улс төрийн хүрээний бохир үнэлэмжүүд, тулга тойрсон ашиг сонирхлын төлөөх дажин Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хоорондоос эхлээд багийн засаг дарга нарын түвшинд хүртэл халдварлаж, төрийн машиныг хүчгүйдүүлж, хариуцлагагүй байдал, хүнд суртал, авилгалыг өөгшүүлж байна.
- Төрийн мэргэжлийн болон орон нутгийн бүтцүүдэд бодлогын дорвитой судалгаа, шинжилгээ хийх чадавхи бүрдээгүйгээс гол төлөв өнгөрсөн жилүүдийн тоон мэдээг нааш цааш хөдөлгөсөн, асуудлын шалтгаантай нь бус шинж тэмдэгтэй нь зууралдсан, хэрэгжих магадлал багатай, санхүүжилтийн баталгаагүй, уриа лоозонгийн шинжтэй, явцуу сонирхолд хөтлөгдсөн бодлого, хөтөлбөр, хөгжлөөс хоцорч, үеэ өнгөрөөсөн хууль, журам олширч байна. Ийм бодлого, хөтөлбөр, хууль, журам үндэсний хөгжлийг хурдасгаж, ард түмний амьжиргааг дээшлүүлж чадахгүй нь ойлгомжтой.
- Төрийн бодлого эзэнгүйдэн, хүчгүйдэж, эдийн засгийн өсөлт удаан байгаагаас ард олон, нэн ялангуяа зах, хязгаар нутгийн иргэдийн амьдрал доройтож, төв, суурин руу чиглэсэн их нүүдэл улам бүр нэмэгдэж байна.
- Улс төрчид хариуцлагагүй, төр чадваргүй байгаа нь ард түмний бухимдал, архидалт, гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болж байна.
- Нийгмийн бухимдлаас үүдэн шинээр эвсэл, хөдөлгөөн, намууд байгуулагдаж, эсэргүүцлийн жагсаал, цуглаан олширч эхэллээ.
- Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр эрх баригчид, улс төрчдийг өөрчлөх нь хөгжлийн гарц биш юм. 1990-ээд оны эхээр дэлхий нийтийн улс төрийн өөрчлөлтийн тугийг Монголд хийсгэж, ардчиллын төлөө тэмцэлд биднийг манлайлж байсан залуусаас улс төрийг хувийн ашгийн төлөөх бизнес болгосон намагт шигдээгүй үлдсэн нь хэд бол.
- Давтан хэлэхэд улс төрчдийг хувийн биш төрийн, тулга тойрсон явцуу хүрээний биш алсыг харсан үндэсний хөгжлийн эрх ашгийн төлөө ажиллуулах тогтолцоо байхгүй байна. Үүнийг байлгах эсэх нь төрийн эрх барьж байгаа улс төрчдийн гарт байгаа учир тэд л хүсэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй нь.
- Улс төрийн хариуцлага, төрийн удирдлагын зөв тогтолцоог бий болгох нь төр барьж байгаа намуудын улс төрийн эр зориг, манлайллаас юуны өмнө хамаарч байна. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлэл, нийт олон түмэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна.
- Манайд нэгэнт тогтож бий болсон улс төрийн соёлын өнөөгийн нөхцөлд улс төрчдийн хариуцлага, төрийн эдийн засгийн удирдлагын зөв тогтолцоог бий болгох ажлыг дахин улс төржилт, явцуу сонирхлын толхилцооны бай болгохгүй байх үүднээс нийт улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн оролцоотойгоор нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна.
Санал:
Манай улс төрийн намууд, улс төрчдөөс улс, үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, улс төрийн нэгдсэн эр зориг гарган төрөөс эдийн засгийг удирдан чиглүүлэх чадварыг дээшлүүлэх ажлыг хойшлуулалгүй нэн даруй эхлүүлэх үүднээс доорх саналыг дэвшүүлж байна. Үүнд:
- Монгол орны хөгжлийн хамгийн тулгамдсан гол гогцоо асуудлууд, тэдгэээрийг шийдвэрлэх дэс дараалал, арга замыг зөв тодорхойлох чадвартай бодлогын чиглэл, төсөл, хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичигт хийх магадлагааг нээлттэй сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий бодлогын орон тооны бус зөвлөлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах
- Зөвлөлөөс гарсан зөвлөмжийг УИХ-ын чуулганаар тогтмол, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэж, хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгаж байхыг хуульчлах
- Зөвлөл нь өдөр дутмын захиргааны ажил хариуцсан орон тооны нарийн бичгийн даргатай байх ба бодлогын чиглэл, төсөл, хөтөлбөр боловсруулах ажил болон хөгжлийн бодлогын баримт бичигт хийх магадлагааг үндэсний болон олон улсын шилдэг шинжээчид (шинжээчдийн баг) – аар гэрээгээр гүйцэтгүүлнэ. Монголд бодитой ашиг сонирхол бүхий олон улсын байгууллага (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр гэх мэт), донор орнууд, төрийн бус байгууллагуудтай зөвшилцөн шилдэг шинжээчдийн багийг сонгон шалгаруулж байна.
- Энэ ажлыг санхүүжүүлэхэд Монгол улсад олгож байгаа хөгжлийн албан ёсны тусламжийн шугамаар жил бүр зарцуулж байгаа хөрөнгийн 3%-йиг зарцуулж байхаар албан ёсны тусламж олгодог доноруудтай тохиролцох
- Зөвлөлийн үйл ажиллагаа нь ил тод бөгөөд ажлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хажуугаар УИХ, Засгийн газар, нийт улс төрийн намууд, олон нийтэд нээлттэй тайлагнана.
- Монголд албан ёсны тусламж үзүүлдэг олон улсын байгууллага, донор орнууд, төрийн бус байгууллагууд болон нийт улс төрийн намууд, олон түмний оролцоо нь зөвлөлийн ажил аль нэг улс төрийн хүчин, тулга тойрсон явцуу сонирхол, толхилцооноос хараат бус байж, гагцхүү Монгол улсын үндэсний хөгжлийн эрх ашигт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах зарчмыг баталгаажуулах үндэс болно.
Энэ нь:
- Явцуу сонирхлыг тойрсон улс төрийн толхилцоонд цэг тавьж, үндэсний оюун санааны эрч хүчийг ардчилсан аргаар гагцхүү үндэсний хөгжлийг түргэтгэхэд дайчлах нэн боломжтой хувилбар мөн гэж үзэж байна.
- Ингэснээр улс төрийн хариуцлага, төрийн удирдлагын зөв тогтолцоог бий болгож, улс төрчид, нийт төрийн албан хаагчдын үнэлэмжийг зөв гольдрилд оруулах эхлэл тавигдана.
- Улс орны хөгжил хурдасч, ард түмний амьдрал сайжрахын хирээр улс төрчдийн имидж, нэр хүнд дээшилж, төр бэхжинэ.
- Үндэсний эдийн засгийн нөөц, хөрөнгө оруулалтыг гол гогцоо асуудал уруу чиглүүлж, тараан хүч тарамддаг тогтолцоог халах эхлэл тавигдана.
- Үндэсний хөгжлийн зөв, тууштай бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажилд үндэсний болон олон улсын шилдэг мэргэжилтнүүдийг татан оролцуулах, нийт улс төрийн намууд, олон нийтийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
- Өнөөг хүртэл яригддаг боловч шийдэгдэлгүй явж ирсэн доноруудын зээл, тусламжийн уялдаа, зохицуулалтыг сайжруулах, түүнийг үндэсний хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн үр ашигтай зарцуулах боломж дээшилнэ гэж үзэж байна.
Энэхүү ил захидлыг тунгаан хэлэлцэж, түүний үр дүнг олон нийтэд мэдээлэхийг Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн хүчнүүдийн удирдлага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, бүх шатны Хурал, Засаг дарга дарга нарт уриалж байна.
Ил захидлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхийг эвсэл, холбоод, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, төрийн албан хаагчид, нийт иргэд болон Монголд элэгтэй олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна.
Та бүхэн саналаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон доорх хаягаар бичгээр ирүүлнэ үү.
Улаанбаатар, 210620А, Шуудангийн хайрцаг 29
Електрон шуудан: cpr@mongol.net
БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ
Аливаа улс төрийн хүчнээс хараат бус, нийгмийн төлөө үйлчилдэг судалгааны чиглэлийн үндэсний төрийн бус байгууллага
2005 оны 12 дугаар сар