УЛС ТӨРИЙН ХИЙРХЭЛ, ҮНДЭСНИЙ ХУВААГДАЛ МОНГОЛЧУУДЫН ЯВАХ ЗАМ БИШ

Зууны Мэдээ сонины2008 оны 7-р сарын 4-ний өдрийн 161 дугаарт гарсан нийтлэл

2008 оны 7 дугаар сар 1-ний өдөр Монголчууд бие биеэ нохой шиг уралцаж, соёлын эд өвөө галдан шатааж, тонон дээрэмдэж соёлт хүн төрөлхтний доог тохуу болоо.
Ийнхүү цус урсгасан нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэсэн шалтгааныг эрүүл ухаанаар задлан шинжилвэл дараах хоёр зүйлд оршиж байна. Үүнд:

  1. Улс төрийн талцал, туйлшралыг дэвэргэж байгаа Монголын улс төрийн өнөөгийн тогтолцоо
  2. Нийтийг хамарсан ядуурал, түүнийг дагасан нийгмийн сэлтгэлгээ, ёс суртахууны доройтол юм.

Монголчууд улс төрийн тогтвортой байдлыг хангаж, үндэсний хөгжил, цэцэглэлтийн   замаар замнаж чадах уу үгүй юу гэдэг салаа замын уулзварт иржээ.
Бид чадах ёстой, үүний тулд улс төрийн тогтолцоонд зарчмын шинэтгэл хийх хэрэгтэй байна. Энэ шинэтгэлийн мөн чанар нь төрийн эрх мэдлийг дангаар авч, бусад нам хүчнээ үгүйсгэдэг улс төрийн өрсөлдөөний өнөөгийн зарчмыг халж, үндэсний эрх ашгийг дээдлэн Монгол орны хөгжилд оруулах хувь нэмрээрээ оюун ухаанаа уралдуулдаг зарчимд шилджүүлэхэд оршино. Үүний тулд:

  1. Улс төрийн нам, хүчин бол Монголын нийгмийн салшгүй хэсэг, түүний бий болгосон “хүүхэд” гэдгийг үл умартан улс төрийн өрсөлдөөнд нам, хүчнийг байгууллагаар нь, улс төрчдийг хувь хүнийх нь хувьд бүхлээр нь үгүйсгэдэг өнөөгийн зарчмаас өрсөлдөгчдөө байгаа “болж бүтэхгүй” үзэл санаа, практиктай нь тэмцдэг улс төрийн өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлж, хэвшүүлэх
  2. Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжиж сонгуулийн үр дүнгээр нэг намыг ялагчаар тодруулах биш, харин хувь тэнцүүлсэн хэмжээгээр зөвхөн Улсын Их Хурал төдийгүй Засгийн газрыг бүрдүүлэх
  3. Гишүүнчлэлгүй намын тогтолцоонд шилжиж, намаар нь ялгаварлан гадуурхахад цэг тавьж, төрийн албыг намын гишүүнчлэлээс бүрэн салгах
  4. Төрийн удирдлагад бүх нийтийн оролцоо, хяналтыг эрс нэмэгдүүлэх замаар дэмжсэн нам нь сонгуульд санасанд хүртэл амжилт олоогүй тохиолдолд өдөөгддөг хорсол, хонзогнол зэрэг сөрөг энерги хуримтлагдах нөхцлийг хумих
  5. Сонгуулийн нээлттэй, олон нийтийн хяналт, оролцоотой байх зарчмыг эрс нэмэгдүүлж, шударга явуулах нөхцлийг бүрдүүлэх
  6. Хүмүүсийг мэдээлэл, боловсролоос хол байлгаж, хоосон амлалтаар хууран ходоодоор нь сонгууль өгүүлэх гэсэн аливаа сонирхолтой бүх нийтээр эрс шийдэмгий тэмцэж, жил бүр, нэн ялангуяа сонгуулийн жил улсын төсвөөс хангалттай мөнгө гарган  олон нийтийн улс төрийн болон сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах

Нийтийг хамарсан ядууралд дан ганц ардчиллын дараа төр барьсан улс төрийн намууд буруутай гэвэл туйлшрал болно. Үүнд шилжилтийн үеийн бэрхшээл, зах зээлийн нөхцөлд эдийн засгийн удирдан жолоодох мэдлэг, туршлагын дутагдал, улс төрийн намуудын төлөвшил, түүний шууд тусгал болсон төрийн удирдлагын дутагдал гээд нийгмийг бүхэлд нь хамарсан олон зүйлс нөлөөлсөн.
Гэхдээ ядуурлаас гарах ажил удаашралтай байгаа, олон түмний итгэл, хүлээлтийг хоосон амлалтаар хууран тэвчээрийг нь алдагдуулсан хариуцлагыг төрийг удирдаж байсан намууд гарцаагүй хуваалцах учиртай. Энэ хариуцлагыг тооцох хамгийн зөв арга зам бол тодорхой нам, хүмүүсийг шийтгэхдээ биш, гагцхүү улс төрийн тогтолцоог дээр дурьдсаны дагуу бүхэлд нь өөрчилж, ийм зүйл гарах үндсийг нь таслахад оршино.
Түүхэн энэ эгзэгтэй үед өнөө маргаашийн явцуу эрх ашгаа хойш тавьж, улс төрийн шинэтгэлийг үндэсний эрх ашигт нийцүүлэн цаг алдалгүй манлайлан хийх хариуцлага МАХН, Ардчилсан нам, Монгол улсын Ерөнхийлөгчид ноогдож байна. Асуудалд сэтгэл хөдлөлөөр биш эрүүл, холч ухаанаар хандаж, улс төрчдөөс зөв зүйлийг, ирээдүй хойчоо  нэхэх хариуцлага нийт иргэдэд ноогдож байна.

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ