Зууны мэдээ сонины 2005 оны 4-р сарын 21-ний өдрийн 92 дугаарт гарсан нийтлэл
Дэлхий даяар ядуурлыг бууруулах мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр ханцуй шамдаж байна. Монгол улсад сүүлийн 10 жилд ядуурал буурсангүй. УИХ ядуурлыг бууруулах мянганы хөгжлийн зорилтуудыг хэлэлцэж, Засгийн газар ядууралтай дайн зарлаад байгаа ч утаа нь үнэртэхгүй байгаа дайн шүүмжлэлд өртөж эхлээд байна. Ядуурлыг бууруулахад эдийн засгийн тогтвортой өсөлт, түүний шударга хуваарилалт хэрэгтэйг ухаарч эхлэх шиг боллоо.
Монголчууд алт, зэсээ ухаад ядуурлаас гарчих мэт төсөөлөл нэмэгдэж байх шиг. Гэвч үүнээс олсон орлого буруу гараар оролгүй ядуурлыг тэс дэлбэлэх “бөмбөг” болох нь уу үгүй юу тэгээд ч дуусч, дундаршгүй баялаг биш гэж бодохоор асуудлын бүрэн шийд биш санагдана. Харин тогтвортой өсөлт нь хангагддаг юм бол эзэндээ үр өгөөж нь ямар нэг шат дамжлагагүй шууд очих салбар бол хүн амын 40 гаруй хувийн амьдралыг залгуулж байгаа мал аж ахуй мөн гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.
1999-2002 оны дараалсан ган, зуднаар Монгол улс 11 сая малаа алдаж, 12000 малчин өрх хотоо харлуулж, Монгол улсын дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт 1 хувь болтлоо унажээ. Хэрвээ ийм савалгаа мал аж ахуйд гардаггүй бол хүн амын 40 хувийн ядуурлын асуудлыг шийдэж, эдийн засгийн өсөлтийг адаглаад 4-5 хувьд бариад байж болох нь.
Төр, засгаас мал аж ахуйг эрчимжүүлж байж эрсдэлтэй тэмцэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтаар зодож, дээрээс нь компаничлан шийдэх хувилбар хир зөв бол. Ийм замаар явна гэвэл Хүнс хөдөө аж ахуйн сайдын мэдэлд улсын төсвөөс хуваарилдаг 10 гаруй тэрбум төгрөгөөр лав шийдэж чадахгүй нь. Нэгэнт санаа зовох хэмжээнд хүрсэн гадаад өрийг нэмэгдүүлж байж шийднэ гэвэл хойч үе маань хайран санагдана. Зөвхөн 2000-2001 оны зуд эхлэх үеэр Монгол улс үхсэн малын сэгээ сурталчилж байж 20 сая доллар цуглуулаад гурил будаа, өвс тэжээлд зарцуулсан нь цацагдсан нийт хөрөнгийн багахан хэсэг юм. Харин элс, далай шиг цацах энэ хөрөнгийн үр өгөөж юу болов, одоо зуд нүүрлэхэд бахь байдгаараа байгаа юм биш биз гээд тооцвол даан ч ичмээр дүр зураг харагдана. Монголыг зудын гамшгаас бүрмөсөн салгачих ид шидтэн байдаг бол 20 сая байтугайг өгчихөд хойч үедээ буян болмоор.
Бэлчээрийн мал аж ахуйн байгалийн аясаар савалдгийг зогсоох гарц алга уу. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Байгалийн ямар ч хатуу ширүүн зуднаар малаа аваад гардаг малчид байсан одоо ч байж л байна. Ийм тэргүүн туршлага, амьдрал дээр нэгэнт батлагдсан доороос гарах үүсгэл санаачлага түгэн дэлгэрэх замыг засах нь ядарсан Монголд хямд төсөр гарц биш бээз. Байгалийн бэрхшээлд хамгийн их хохирол үзэгсдийн дотор туршлагагүй шинэ, залуу малчид давамгайлдаг. Түүний хажуугаар ган зудаас нүүн дайждаг уламжлалт арга ухааны үр өгөөж улам бүр хомсдож, тэргүүний малчид шинийг идэвхтэй эрэлхийлж байна.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчин Лхамхүү гуай бүтээлч санаачлага, харьшгүй зүтгэлээрээ мал аж ахуйн хөгжлийн тулгамдсан олон асуудалд хариу өгч байгаа содон хүн юм.
Мал аж ахуйн орчин үеийн загвар ямар байх талаар өнөөгийн бодлого боловсрууулагчид толгойгоо гашилган цаас эрээчиж эхлэхээс бүр өмнө малыг нь хувьчлаад үнийг нь чөлөөлчихөөр мал аж ахуй өөрөө өөрийгөө аваад явчихна гэж төсөөлж байсан 1990-ээд дундуур энэ хүн Монголын нөхцөлд тохирсон хямд төсөр загвар аж ахуйг амьдрал дээр цогцлоож эхэлсэн байна. Үр дүн нь ч гайхмаар. Лхамхүү гуай 1994 оноос эхлэн төмрийн хог цуглуулж, 42 га бэлчээрийг хашиж, цаг хүндэрсэн үед малаа оруулдаг болжээ. 2000-2002 оны зуднаар Өлзийт сум малынхаа 60 хувийг алдсан бол Лхамхүү гуай нэг ч мал үхүүлээгүйн дээр хөрш малчдын малыг хашсан бэлчээртээ оруулж тус болсон байх юм. Тэрээр 500 орчим малтай, 1 га бэлчээрт 10 орчим мал ноогдож байна. Монголын 1 га бэлчээр дунджаар 2 хонин толгойг даах чадвартай гэж үздэг өнөөгийн хэмжүүрээр авч үзвэл Лхамхүү гуайн хашсан бэлчээрийн даац 20 дахин илүү байх нь. Лхамхүү гуайн туршлага нийтийн хүртээл болсон нөхцөлд энэ тоо бүс нутгийн онцлогоос хамааран хэлбэлзэх ч өвөл-хаврын бэлчээрийн даацыг 2 дахин нэмэхэд л бид эдийн засгийн өсөлтийг дан ганц мал аж ахуйгаар хангалттай өндөр хэмжээнд барьж, ядуурлтай зарласан дайныг ялалтад хүргэж чадах юм биш биз.
Бэлчээрээ хаших, түүнийгээ зэмшиж, тордох бүх асуудлыг Лхамхүү гуай өөрийн санаачлага, хөрөнгөөр гүйцэтгэж, үр шимийг нь хүртсэний зэрэгцээ манай улс төрчдийн өөх харсан хүүхэд мэт цэрвэдэг бэлчээр ашигласны төлбөрийг тогтмол төлж, орон нутгийн төсөвт жил бүр 27 мянган төгрөг оруулж байна. Харин энэ хугацаанд бодлого боловсруулагчид маань олон улсын төсөл хөтөлбөрийн мөнгөөр малчдад бэлчээрийг эзэмшүүлэх, эзэмшүүлвэл төлбөртэй байх эсэх асуудлаар хичнээн ч хурал, семинар хийж, цэц булаацалдав даа, одоо хир нь үргэлжилсээр байна. Хөгжлийг манлайлагч, үүнд дэм өгөх үүрэгтэй бодлого хоёрын хооронд алд дэлэм зай байна.
Лхамхүү гуай эзэмшсэн бэлчээр дээр байгаа тарвагаа нүдлэн хамгаалж агнах цаг нь болохоор зүслэж заадаг гэсэн. Ер нь байгалийн аливаа баялгийг нутгийн уугуул иргэдэд эзэмшүүлж байж л хамгийн сайн хамгаалж чадна гэж үздэг хүн. Гарсан зөрчлийн араас хөөцөлдөж шийтгэдэг үеэ өнгөрөөсөн арга барил хулгайч, хамгаалагч хоёрын хуйвалдааны өмнө хүчин мөхөсдсөн өнөөгийн нөхцөлд байгалийн баялгийн хулгайг зогсоох хувилбар энэ биш байгаа. Мянган удаа сонсохоор нэг удаа үз гэдэг, шийдвэр гаргагчид маань Лхамхүү гуайтай очоод нэг уулзаасай.
Лхамхүү гуай шиг малчин 10000 л байхад бид үндэсний эдийн засгийн өсөлтийг унагаж, ядуурлыг эрс нэмэгдүүлсэн 2000-2002 оны зудын гамшгийг давтахгүй байж болох нь гэж бодохоор ийм зүйлсийг олж харж, дэмжихдээ бид ямар ч хойрго юм бэ дээ гэж харамсмаар. Лхамхүү гуай хашаагаа барихад хагас сая төгрөг зарсан гэсэн. Энэ жишгээр 20 сая доллараар 40 мянган малчныг хашсан бэлчээртэй болгож болох нь. Хөгжлийг манлайлагчдыг бодлогоор дэмжиж чаддаггүй юмаа гэхэд ядаж саад болохгүй баймаар. Газрын шинэ хуулиар малчдын бэлчээр эзэмших эрхийг хассан нь хичнээн тэргүүний шилдэг малчдын урмыг хугалсан бол хэмээн харуусахын хажуугаар ийм бодлого, түүнийг дагасан хүнд суртлын дэгээнд шантралгүй бэлчээрээ эзний ёсоор эзэмшиж, хамгаалж, төлбөрөө ч төлсөөр ирсэн манай үеийн баатрын холч ухаан, няцашгүй зүтгэлийг биширмээр.
Бодлого судлалын төвийн тэргүүн, доктор А.Энх-Амгалан