МАЛ АЖ АХУЙД ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН

Үндэсний өдөр дутмын Зууны Мэдээ сонины 2010 оны 1-р сарын 22-ны өдрийн 17 дугаарт гарсан нийтлэл

“Монгол  мал” хөтөлбөр юу ярив

Саяхан УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилж, холбогдох яам агентлагийн оролцоотойгоор боловсруулсан “Монгол мал” хөтөлбөрийн хэлэлцүүлэг болов. Хөтөлбөрт бэлчээр, эрсдлийн менежмент, мал эмнэлэг, үржлийн ажил, маа-н бүтээгдхүүнийг чанарын хяналтыг сайжруулах гээд цаг үеэ олсон зорилтуудыг дэвшүүлжээ. Үүнд хөтөлбөрийг санаачлагчдад зүй ёсны баяр хүргэмээр байна. Харин хэрэгжүүлэх аргад нь төсвөөс гаргах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн зарим талаар социализмын үед байсан тогтолцоог сэргээх гэж байна уу гэмээр зүйлс их оржээ. Хамгийн гол нь хөтөлбөрт заасан арга хэмжээнд нь малчид оролцох юм уу, тэдний сонирхлыг татаж чадах уу гэдэг асуудал тодорхой туссангүй.

Хөтөлбөрөөр асуудлыг шийдэж байв уу

Боловсруулсан төсөл, хөтөлбөрөөр асуудлыг шийддэгсэн бол маа-д өнөөдөр тулгамдсан нэг ч асуудал үлдэхээргүй олон төсөл хөтөлбөрийг гадаад, дотоодын хөрөнгөөр боловсруулсан билээ. Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, ган, зудын эсрэг, маа-г эрчимжүүлэх, эрүүл мал гээд урт цуваа хөвөрнө. Харамсалтай нь эдгээр нь цаасан дээр л үлдэж өнөөгийн зуднаар бахь байдгаараа л сууж байна.

Мал аж ахуй, малчдын талаарх хөтөлбөр цаасан дээр үлддэгийн шалтгаан юу юм бэ

Мал аж ахуйн талаарх төсөл хөтөлбөр бодитой хэрэгжиж үр дүнгээ өгөхгүй байгаагийн учир шалтгааныг олж тогтоогоогүй байж дахин шинэ хөтөлбөр боловсруулах хэрэг байна уу гэдэг асуулт зүй ёсоор гарч байна. Энэ асуултын хариулт нэн энгийн, малчдын сонирхлыг татаж оролцуулж чадахгүй байсанд л оршино. Мал эмнэлэг, малын чанар, ган, зудын эрсдэл, бүтээгдхүүнйи чанарыг сайжруулах гээд өөрт нь нэн чухал эдгээр асуудлыг малчид яагаад сонирхдоггүй, хөтөлбөрөөр төлөвлөсөн арга хэмжээнд оролцдоггүй юм бэ гэх дараагийн асуулт гарна.

Малчдыг хөтөлбөр биш бол юу хөдөлгөдөг юм бэ

Дээрх асуултын хариулт бас л энгийн, хөтөлбөрт оролцох нь одоогийн амьжиргаагаа авч яваа аргаас илүү хүч хөдөлмөр, зардал шаарддагт л байгаа юм. Өөрт байгаа боломжуудаас хамгийн хямдыг нь сонгож ашиг, орлогоо нэмэгдүүлэх нь зах зээлийн эдийн засгийн хууль. Үүнийг манай малчид нэн чадамгай ашигладаг ухаалаг хүмүүс. Ноолуурын үнэ өсмөгц 5 сая байсан ямааг 15 сая, 600 мянга байсан тэмээг хуушуурын маханд өгч 200 мянга болгосон билээ. Ямаа өсгөе, тэмээ хорогдуулъя гэсэн төр засгийн нэг ч бодлого, хөтөлбөр байхгүй байхад энэ ажлыг ийм эрчимтэй хийлгэж чадсан зүйл нь эдийн засгийн хөшүүрэг байв.

Малчдын амьжиргааны арга нь юу вэ

Бэлчээр, түүн дээр байгаа ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладгийн зэрэгцээ даацыг нь хэтрүүлж талхалсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо  малчдад үйлчилж байна. Ийм нөхцөлд малынхаа толгойн тоог өсгөөд л суух нь малчинд амар, хямд байгаа хэрэг. Мал эмнэлэг, малын чанар, өвс тэжээл, эрсдэлтэй тэмцэх, бүтээгдхүүний чанар гэж толгойгоо өвтгөж, илүү зардал гаргаад яах юм. Яах вэ зүгээр өгвөл аваад л хэвтэж байя, сүх далайтал үхэр амар гэгчээр зуд болтол ч хаа юм, төр, засаг гэж нэг юм байна, туслах байлгүй гэсэн сэтгэлгээ ноёлж байна. Дүгнэж хэлбэл өнөөгийн амьжиргааны арга нь нэн хямд биед нь амар байгаа тул мал аж ахуйгаа авч авах илүү дэвшилтэт аргыг нэвтрүүлэх ямар ч сонирхолгүй байна. Ийм нөхцөлд ямар ч сайхан бодлого, хөтөлбөр гаргаад цаасан дээр л үлдэж байгаа хэрэг.                                       

Дээр дурьдсан ямаа өсч, тэмээ хорогдсоноор өнөөдрийн малчид өнөө, маргаашийн тав, арван төгрөгний хүрээнд хожсон нь үнэн. Харин бэлчээрийн даац хэтэрч талхлагдсанаар юуны өмнө өмчийн эзэн төр хохирч үлдсэн. Түүний хажуугаар бэлчээрийн чанар муудсанаар ирээдүй хойч үеийн малчид хохирч байна. Бэлчээрээ талхлаад дуусвал өнөөгийн малчид ч нэгэн адил хохирно, хохирч ч эхлээд байгааг өнөөгийн бэлчээрийн доройтол, цөлжилт харуулаад байна.

“Монгол мал” хөтөлбөрөөр дэвшүүлж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд малчдын сонирхлыг төрүүлж чадахуйц эдийн засгийн хөшүүрэг байхгүй бол урьдын хөтөлбөрүүдийн адил баахан хөрөнгө зараад үр дүнд хүрдэггүй гашуун үнэнийг давтах л үлдэж байна. 

Мал аж ахуйн бодлогын гол гогцоо асуудал

Мал аж ахуй өнөөгийнхөөрөө байгаад байж болохгүй нь гэдгийг нийтээрээ ухаарч байх шиг байна. Тэгэхээр өнөөгийн мал аж ахуйн бодлогын гол гогцоо асуудал нь “Монгол мал” хөтөлбөрт туссан шиг зөв зорилтуудыг хэрэгжүүлэх эдийн засгийн хөшүүргийг олж нэвтрүүлэхэд оршино.

Энэ нь амьжиргааны үеэ өнгөрөөсөн арга, сэтгэлгээнээс нь малчдыг салгаж чадахуйц эдийн засгийн хөшүүрэг байх учиртай. Өөрөөр хэлбэл малын толгойн тоог биш, чанарыг эрхэмлэх эдийн засгийн сонирхлыг нь төрүүлнэ гэсэн үг.

Үүнийг шийдэх гарц нь малын тоог өсгөснөөс болоод бэлчээрт учирч байгаа нөлөөллийг үнэлж, малаар дамжуулан төрийн өмчийн бэлчээрээс ашиг хүртэж байгаа малчинд хариуцуулах явдал. Энэ бол бэлчээр ашигласны төлбөр юм. Бэлчээрийн төлбөрийг бэлчээрийн чанар, байршил, малын төрөл, бэлчээрийн даац хэтрүүлсэн эсэх гэсэн дөрвөн хүчин зүйлийг харгалзан ялгавартай тогтоох шаардлагатай. Энэ бүгд нь тус тусдаа хөшүүргийн үүрэг гүйцэтгэнэ. Сайн соргог бэлчээр ашиглаж байгаа малчин муу бэлчээр ашиглаж байгаа малчнаас давуу нөхцөлд байна. Бэлчээр төрийн өмч учраас сайн бэлчээрт харьцангуй өндөр төлбөр тогтоож, малчдад ижил боломж олгох үүргээ төр биелүүлэх шаардлагатай. Томоохон зах зээл, үйлчилгээнд ойрхон малчид харьцангуй хямд зардлаар бүтгээгдхүүнээ борлуулах, үйлчилгээ авах боломжтой байхад алс холын малчид эсрэгээрээ байна. Алслагдсан бэлчээрт харьцангуй бага төлбөр тогтоох нь эдийн засгийн ижил боломж олгохоос гадна төв үрүү чиглэсэн их нүүдлийг хазаарлах, алслагдсан нутгийг эзэнтэй байлгах хөшүүрэг болно. Ямаа малчдын мөнгөн орлогын гол эх үүсвэр ч бэлчээрт илүү хорлонтой гэдэг. Иймд ямааны төлбөр өндөр байх нь бэлчээрээ бодсон ч олон ямаатай малчдын төлбөрийн чадварыг бодсон ч зохистой. Эцэст нь бэлчээрийн даац хэтрүүлэн талхалж байвал бэлчээрт учирсан хохирлыг нөхөх хэмжээнд нэмэгдүүлсэн төлбөр байвал зохино. Энэ нь гэрээгээр олгосон бэлчээрийн даацыг зохицуулах эдийн засгийн үндсэн хөшүүрэг болох учиртай.

“Монгол мал” хөтөлбөрийн 4.4.1.3-т “Малын тоо, төрлийг бэлчээрийн даацтай уялдуулах, бэлчээрийн даац хэтэрсэн нутагт байлгах малын тооны дээд хязгаарыг тогтоож, түүнээс давуулахгүй байлгах эдийн засгийн хөшүүргийг бий болгох” гэсэн ерөнхий зорилт байгааг дээрх маягаар тодруулан зоригтой хэлэх хэрэгтэй байна.

Газар ашиглалтын гэрээгээр дамжин хэрэгжих бэлчээр ашигласны төлбөр нь малчдын тооны хойноос хөөцөлдсөн сэтгэлгээг өөрчлөх үндсэн хөшүүрэг болно. Малчдын орлого, ашигаа нэмэгдүүлэх өөр аргыг хайж эхлэх чухам энэ үед нь бэлчээр, эрсдлийн менежемент, мал эмнэлэг, мал, бүтээгдхүүний чанар гээд малчдын сонирхлыг зөв чиглэлд хөтлөхөд урамшуулал болж чадахуйц эдийн засгийн механизмуудыг нэвтрүүлэхэд илүүдэхгүй. Энэ талаар “Монгол мал” хөтөлбөрийн “Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанараас хамаарсан эдийн засгийн хөшүүрэг бий болгон хэрэгжүүлэх” гэсэн 4.5.2 дахь хэсэгт тодорхой арга хэмжээ төлөвлөснийг нэн сайшаалтай.  

Бэлчээр ашигласны төлбөрийг нэвтрүүлэх нь улс төр, нийгмийн зориг, сэтгэлгээний шинэчлэлийг шаардана

Өнөөдөр малчид бэлчээр, түүн дээр байгаа ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладгийн зэрэгцээ даацыг нь хэтрүүлэн талхалсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоог төр, засгийн бодлогоор зориуд бий болгосон. Мал аж ахуй, малчдаа алсын хараатай хөгжүүлье гэхээсээ илүү тэдний өнөө маргаашаа гэсэн сонирхолд нь нийцүүлсэн “бодлого” гаргаж үүгээрээ сандал ширээтэйгээ үлдэх гэсэн улс төрчид, албан тушаалтнуудын сонирхол ч их түлхээс болсон. Үүний уршгаар малчид нь малын тоог өсгөхөөс өөр шинийг эрэлхийлэх сонирхолгүй, мал аж ахуй нь дундад зууны үеийн технологиосоо салж чадахгүй байна. Мал аж ахуй, малчин маань алсын хараагүй төрийн муу бодлогын золиос болоод байна гэсэн үг. Малчин хүнийг үеэ өнгөрөөсөн сэтгэлгээ, амьжиргааны арга барилтай нь хатааж, аливаа хөгжил, өөрчлөлтөд тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг нь боон хааж байгаад энэ бодлогын харгис чанар оршино.  Буруу эрхлүүлсэн хүүхдээ айл засч авдаг шиг төр өнөөдөр мал аж ахуй, малчны талаар баримтлах бодлогодоо эрс шинэчлэл хийх цаг болжээ. Энэ бүхнийг бодолцож, улс төрийн эрс шийдвэр гаргах зориг, ухаан өнөөгийн УИХ, Засгийн газарт тохиогоосой хэмээн найднам. 

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ