БЭЛЧЭЭРИЙН АСУУДЛЫГ ИНГЭЖ ШИЙДЬЕ

Зууны Мэдээ сонины 2007 оны 12-р сарын 18-ны 301 дугаарт нийтлэгдсэн өгүүлэл

Малчдын орлогыг товортой нэмэгдүүлэн ядуурлаас гаргах, тэдний хөрөнгө, орлогыг байгалийн эрсдэлээс хамгаалах цогц бодлогын гол зангилаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээрийн эзэмшлийн асуудлыг зөв шийдэхэд оршиж байна. Энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь гол 2 шалтгаантай.

Нэгд, бэлчээрийн зохицуулалт нь мянга мянган жилийн турш малчдын албан бус зан заншлын харилцаагаар зохицуулагдаж ирсэн учир цаашид ч төр оролцолгүй яваад байж болох мэтээр ойлгох нь шийдвэр гаргагчдын дунд зонхилсоор байна. Үүний хажуугаар энэ асуудлын мөн чанарыг ойлгож байгаа хүмүүс УИХ, Засгийн газрын түвшинд цөөнх байна.

Хоёрт, Бэлчээрийг эзэмшүүлэх асуудлыг буруугаар ойлгосноос түүнийг сөрөг талаас нь харж, Монголд тохирохгүй зүйл мэтээр  ойлгох нь бодлого боловсруулагчид, малчдын түвшинд түгээмэл байна.

Энэхүү хоёр шалтгааныг бодлого боловсруулагчид, олон нийтэд тайлбарлан ойлгуулж, бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх нь маа-н салбарын хөгжлийн зангилаа асуудал юм.

Зан заншлын уламжлалт зохицуулалт бэлчээрийн доройтлоос яагаад       хамгаалж чадахаа болив?

Олон зууны турш Монголчуудын амьдралыг залгуулж ирсэн бэлчээрийн мал аж ахуй экологийн тэнцвэрийг хадгалж ирсний нууц нь дөрвөн улирлын бэлчээртэй, түүнийгээ сэлгэж ашигладаг, ган, зуд болоход ашиглах нөөц нутаг харьцангуй хангалттай  байсанд оршиж байв.

Харин зах зээлд шилжиж орсон өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дээрх “нууц”-ыг эвдсэн дараахь нөхцөл байдал бий болсон байна.

Нэг. Мал хувьчлагдаж нээлттэй зах зээлд шилжсэн ХХ зууны эцэс үе нь цөөвтөр малаар хэрэгцээгээ хангаад байх бололцоотой байсан хэдэн мянган жилийн түүхтэй харьцуулшгүй өөр байв. Хүний хөгжлийн шинэ түвшинд асар их нэмэгдсэн хэрэгцээгээ хангах шаардлагын үүднээс малынхаа  тоог өсгөх гэсэн хувийн сонирхол, бэлчээрийн төлөөх өрсөлдөөн нь бэлчээрээ сэлгэн зохистой ашиглаж ирсэн уламжлалт зан заншлыг уланд гишгэх хэмжээнд хүрсэн байна.

Хоёр. 1990 оноос хойш малчин өрхийн тоо 90 мянгаас 180 мянга болж нэмэгдсэн нь өвөлжөө, хаваржааны тоог огцом өсгөж, улирлын бэлчээр сэлгэх, ган, зудын үед ашиглах нөөц бэлчээрийн боломжийг үгүй хийгээд байна. Эдний олонхи нь шижилтийн эхэн үе дэх бусад салбарын уналт, ажилгүйдлийн улмаас амьжиргаа хайж мал дээр гарсан шинэ малчид бөгөөд уламжлалт зан заншлын мэдлэг сул, дагаж мөрдөх “нүнжиг” дутаж байсан нь дайран дээр давс нэмсэн байна. Нүүхэд нь араар нь очоод идчихдэг болсон тул өвөлжөө, хаваржаагаа сахиад нүүхээ больж байгаа нь үүний нэг жишээ юм.

Гурав. Сүүлийн жилүүдийн хотжилт, хөдөөгийн дэд бүтцийн  хөгжил нь харьцангуй жигд тархаж байсан малын байршилд өөрчлөлт оруулж, бэлчээрийн ов тов талхлагдал хүрээгээ тэлэхэд хүргэж байна.

Энэ бүхний улмаас бэлчээрээ хамгаалах үүднээс ухамсраараа нүүдэг малчид ховордож, харин усгүйгээс, бэлчээргүйгээс, хүйтнээс, ялаа шумуулаас гэх мэт байгалийн аргагүй нөхцлөөс болж холын нүүдэл хийж байгаа багахан газар л энд тэнд алаг цоог үлдэж хоцроод байна. Үүнд улирлын бэлчээрийн ялгааг зааглаж чадахуйц газарзүйн эрс ялгаа бүхий тогтоцтой Увсын өндөр уулс ба Их нуурын хотгорын хоорондох урт нүүдлийг дурьдаж болно. Өдрийн од шиг болож байгаа ийм газар л бэлчээр харьцангуй хадгалагдаж үлдэх найдлага байна.

Харин манай орны дийлэнх нутгийг хамардаг улирлын бэлчээрийг зааглаж чадахуйц байгалийн хил хязгаар бага, газарзүйн хувьд ижил нөхцөл бүхий хээрийн бүс бүхэлдээ, говь, уулт хээрийн бүсийн ихэнх нутагт буйраа сэлгэх төдий зайнд бууж, бэлчээрийг жил тойрон ашиглаж, гэрийн босго шиг элээх нь түгээмэл болоод байна. Улирлын бэлчээрийн хил зааг муутайгаас даацыг нь улирлаар хуваан зохицуулах сэтгэлгээ байхгүй болж малын тоог нийт нутгаар баримжаалан замбараагүй өсгөх хандлага ихэнх малчдын сэтгэхүйн нэг онцлог болчихоод байна. Хээр, говийн бүсийн бас нэг онцлог нь салхины элэгдэл, элсний нүүдэл зэрэг бэлчээрийг талхлагч байгалийн хүчин зүйлсийн нөлөөлөл ихтэйд оршино. Эдгээр хүчин зүйлсийн  нөлөөгөөр хээр, Говийн бүсэд ихэнх аймагт байгалийн эрсдлийн давтамж, хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэж байна. Энэ жил гэхэд л хээр, говь, уулт хээрийн бүсийнхэн голлосн 15 аймгийн 9 сая гаруй малыг өөр аймаг, сумын нутагт өвөлжүүлэхээс өөр аргагүй болчихоод байна.

Зохицуулалтгүй болсноор юу алдаж байна вэ?

Нэг. Уламжлалт зан заншлын зохицуулалт алдагдаж, түүнийг орлох төрийн зохицуулалт байхгүйгээс үүдсэн бэлчээрийн доройтол нь мал аж ахуйг ган, зудын өмнө нэн эмзэг болгож, малчдын амьжиргааг тогтворгүйжүүлэн хөдөөгийн ядуурлыг нэмэгдүүлэх суурь шалтгаан төдийгүй экологийн сүйрэлд авчрахуйц цөлжилтийн гол хүчин зүйл болоод байна. Бэлчээр доройтон цөлжиж байгаагийн буруутныг уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтай холбон ойлгож, ярих нь элбэг. Тэгвэл бороо хур багасч, хуурайшсан нь өөрөө бэлчээрийн талхлагдал, тоосжилтоос болоод байгаа юм гэдгийг ойлгож, ярих нь бага байна.

Өнөөдөр газар дээр ногоон юм ургаж л байвал болоод байгаа юм шиг сэтгэх хүмүүс маань бэлчээрийн доройтол, цөлжилтийн үндсэн шинж нь ургамалын нөмрөгийн бүтцэд орж байгаа өөрчлөлт, малд ашигтай шимт ургамал багасч, шарилж мэтийн хог ургамал нэмэгдэж байгаагаар хэмжигддэг гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй байна.

Хоёр. Зохицуулалтгүй, эмх замбараагүй ашиглалт нь малын тоог бэлчээрийн даацын баримжаагүй өсгөх хөрс суурь юм. Энэ жил малын тоо 38 саяаас давлаа гэх нь малчдын өнөөдрийн амьжиргаанд сайхан зүйл мэт харагдавч бэлчээрийн мал аж ахуйн хэтийн тогтвортой хөгжлийн бодлогын үүднээс авч үзвэл сайрхахаар зүйл огтхон ч биш юм. Учир нь ийм хэмжээний өсөлт нь нэгд, малыг удаан хугацаанд барьж байх бэлчээрийн даацгүй тул хуурмаг, хоёрт, бэлчээрийг идэх юмгүй болтол талхалж ирээдүйн малчдаа амьжиргаагүй болгож байгаа хэрэг юм. 1999 онд малын тоо 32 сая хүрэхэд мөн л ингэж сайрхаж байсан боловч, та нар зохицуулахгүй бол би зохицуулъя хэмээн байгаль дэлхий зуд турханаа тавьж, хоёрхон жилийн дотор 11 сая малаа алдаж, 12 мянган өрх хотоо харлуулсан гашуун сургамжийг мартах болоогүй баймаар.

Өнтэй жилүүдийн малын өсөлтөд сайрхаж, сэтгэл ханах нь өнгөн талдаа гэнэн хоргүй мэт харагдана. Гэвч бэлчээрийн даацын баримжаагүй мал өсгөх нь хүнээ бодоогүй харгис, хөгжлөө  бодоогүй харалган бодлого юм. Энэ бодлогын харгис шинж нь хэдэн зуун мянган малчин өрхийн амьжиргаа, хувь заяаг бодлоготойгоор удирдахын оронд ган, зудын савалгаа, байгалийн зохицуулалтад даатгаж байгаагаар илэрч байна. Тэжээх чадвараасаа хэт илүүдсэн олон өрхийн аж ахуйг үхүүлдэг ч үгүй, сэхээдэг ч үгүй амь аргацаах байдлаар өөртөө шингээсэн мал аж ахуйн салбарын өнөөгийн зогсонги байдлыг өөгшүүлж, шинэ мэдлэг, шинэ технологи, бүтээмж өндөртэй ажлын байр өөд тэмүүлэх малчин хүний хүсэл эрмэлзлэлийг нь мохоож, мал аж ахуйн салбарт байгаа ажиллах хүчийг чадавхид нь таарсан хэмжээнд цөөлөн ядуурлаас бүрэн гаргах бодлогын хүчийг сааруулж, бүхэлдээ манай орны хүн амын 40 хувийг үл хөгжихүйн хүлээсэнд боомилж байгаад энэхүү бодлогын харалган чанар оршино.

Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг төрөөс санаачлан идэвхтэй зохион байгуулах шаардлага

Малчдын сонирхол, бэлчээрийн доройтлыг холбосон хариуцлагын механизм байхгүй нөхцөлд төрийн өмчийн бэлчээр дээр “хаяа багтвал бууж, хошуу багтвал иднэ” гэдэг зарчмаар малаа өсгөх гэж зүтгэж байгаа малчдыг буруутгах аргагүй. Нөхцөл байдалдаа тохируулан хамгийн хямд аргаар хөрөнгө, орлогоо нэмэгдүүлэх гэж өрсөлдөн уралдах нь зах зээлийн эдийн засгийн зарчим. Тогтолцоогоо, эдийн засгийн сонирхлын механизмаа өөрчлөөгүй цагт ганц нэг жудагтай малчин бэлчээрийн даац, чанар гэж зүтгээд нэмэргүй. Өнөөдрийн хувийн хэрэгцээ, сонирхол нь нийгмийн эрх ашиг, хойч үеийнхнээ бодох хэрэгцээгээ дийлдэг ийм нөхцөл байдлыг эдийн засагчид “нийтийн өмчийн эмгэнэл” гэж нэрлэдэг. Нийтийн өмчийн эмгэнэлийн үед нөөцийг ашиглагч хэзээ ч түүнд өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаггүй, даац, боломжийг нь байнга хэтрүүлэн ашиглаж, доройтуулан устгадаг хуультай.

Нөөцийн эдийн засгийн онолоор авч үзвэл мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал нь тухайн малчин өрхийн өөрийн гаргасан буюу “дотоод” зардал, “гадаад” зардлын нийлбэрээс бүтнэ. Гадаад зардал нь бэлчээрийг ашигласны болон түүнд хор хохирол учруулсан бол тэр хохирлын хэмжээгээр нийгэмд учирч байгаа зардал юм. Гадаад зардлыг малчин үүрэхгүй байгаа учраас ямар хэмжээтэй гарах нь сонирхлыг нь нэг их татахгүй. Энэхүү гадаад зардлыг малчны сонирхлын хүрээнд хэрхэн оруулж ирж, бэлчээртээ өөриймсөг ханддаг болгох вэ гэдэгт асуудлын гол оршиж байгаа бөгөөд шийдэх арга зам нь бэлчээрийг эзэмшүүлэх явдал юм.

Бэлчээрийг эзэмшүүлэх ажил малчдын санаачлагаар тэр бүр өрнөхгүй байгаагийн шалтгаан нь ийнхүү ашиг сонирхлын өнөөгийн тогтолцоондоо байгаа юм. Түүний хажуугаар бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах чадавхи дутмаг байгаагаас энэ ажил зогсонги байдалтай байна.  Иймээс энэ ажлыг төрөөс санаачлан зохион байгуулахаас өөр аргагүй бөгөөд харин үр дүнг нь юуны өмнө өнөөгийн болон хойч үеийн малчид, хөдөөгийнхөн, цаашилбал Монголчууд бүгдээр хүртэх юм.

Бэлчээрийг эзэмшүүлж, бэлчээрийн даацад малынхаа тоог тохируулах нь зөвхөн бэлчээрийн доройтлоос сэргийлээд зогсохгүй, малын тоог биш чанарыг сайжруулах, мал аж ахуйд байгаа илүүдэл ажиллах хүчийг чөлөөлөн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох юм.

Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг малчдын сонирхлыг үл харгалзан төрөөс хүчлэн хийх ажил гэж ойлговол том эндүүрэл болно. Ган, зуд, цөлжилт нэмэгдэж, оторлох нөөц нутаг ховордсон нөхцлөө даган нүүдэл, суудал хийхээсээ илүү багахан хэмжээний бэлчээрийг тордож, хашиж хамгаалан малаа оруулж өвлийг өнтэй давж байгаа алсыг харсан шинэлэг сэтгэлэгээтэй малчид аль ч бүс нутагт байна. Амьдралаас урган гарч байгаа  ийм шинэлэг санаа, тэргүүн туршлагыг дэмжин дэлгэрүүлэхэд бэлчээрийг эзэмшүүлэх ажил түлхэц өгнө. Түүний хажуугаар бэлчэээрийн газрын баталгаатай эзэмшлийн асуудлыг шийдэхгүй байгаа нь эрчимжсэн мал аж ахуйн хөгжилд гол саад болж байна гэсэн үндэслэлийг фермерүүдийн зүгээс байнга тавьж байна.

Бэлчээрийг эзэмшүүлэх талаарх буруу ойлголт ба зөв үзэл баримтлал

Бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг нь хувааж өгөөд, хашаад эхлэх юм, ингээд нүүдэл суудал байхгүй болж, довон дээрээ үхэх сэхэхээ үзэх юм байна гэсэн буруу ойлголт санаатай болон санамсаргүйгээр энд тэнд хэлэгдэж, хадны мангаа шиг айлгаж явна. Энэ бол Монгол орны нөхцөлд таарахгүй, үндсээрээ буруу ойлголт.

Бэлчээрийг эзэмшүүлэх зөв үзэл баримтлал нь дараахь зүйлд оршино. Үүнд:

  1. Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг нэг загвараар, нэг амьсгаагаар хийх боломжгүй. Бэлчээр ашиглаж ирсэн орон нутгийн онцлог, эзэмшүүлэх шаардлага, тохироо нь тухайн суманд энэ ажлыг эхлүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй байна.
  2. Сумдад бэлчээрийг эзэмшүүлэх асуудлыг гаднаас хүн ирээд хуваагаад өгөх биш, эзэмшүүлэх эсэх, аль газрыг хэзээ, яаж эзэмшүүлэх вэ гэдгийг малчид өөрсдөө баг, сумаараа хэлэлцэж байж шийднэ.
  3. Бэлчээрийн төрийн зохицуулалт нь бэлчээрийг ашиглаж ирсэн шилдэг уламжлал, албан бус зөвшилцлийн механизмуудтай зэрэгцэн оршихоос биш тэдгээрийг бүрэн орлох боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.  
  4. Ган, зудын үед ашиглах отрын нөөц нутгийг баг, сумын, аймгийн болон улсын хэмжээнд тогтоож, иргэдэд эзэмшүүлэлгүй төрийн мэдэлд байлгана. Отрын нөөц нутагт мал оруулахдаа түүний даацыг тооцон үзэж, даац хэтэрч, туурайн зуд болгохгүй байх зарчим баримтлана.
  5. Манай орны дийлэнхийг хамрах бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутагт бэлчээрийг эзэмшүүлэхдээ өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийг өрх хот айлаараа, улирлын бэлчээрийг нэг гол, нэг усныхны зэрэг малчдын албан бус бүлгийн түвшинд хамтран ашиглаж ирсэн ирсэн уламжлалыг суурь болгоно. Одоогийн эзэмшлийг аль болох хөндөхгүй байх, эзэмших субъектийг малчны бүлгийн түвшинд шийдэх нь хэнд, хэдий хэмжээний  болон өрх, хот айл хоорондын хил заагийн эмзэг асуудлыг сөхөж үймүүлэхгүй байх практик шийдэл юм. Гэхдээ бүлгийн эзмшлийн бэлчээр дотроо малчин өрх, хот айл нь өөрийн өвөлжөө, хаваржаатай байна. Эзэмшүүлэх ажлын үндсэн зорилго нь өнөөгийн эмх замбараагүй ашиглалтыг халж, бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлдэг болгоход чиглэнэ. Энгийнээр хэлбэл малчид нэг дор хоригдох биш, харин дөрвөн өөр газар улирлын бэлчээр эзэмшиж, ган, зудын үед нөөц нутаг ашиглах эрхийг нь албан ёсны болгон баталгаажуулж байгаа хэрэг юм. Цаг агаараас хамааруулан уян хатан тогтоосон бэлчээрийн даацад малын ачааллыг уялдуулах нь эзэмшигчийн үндсэн үүрэг байна. Түүнчлэн ган, зуд болсон нөхцөлд аргагүй нөхцөлд малчид бэлчээрийн даацаас хэтрүүлэлгүйгээр бусдын нутагт орох эрх эдлэж, бусдыгаа оруулах үүрэг хүлээнэ. Сумын захиргаа ч гаднын малыг оруулах зөвшөөрөл олгохдоо хичнээн мал оруулах бололцоотой болохыг эзэмшиж байгаа малчидтай урьдчилан зөвшилцөж байж шийдэх зарчим барина.
  6. Эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд зориулж бэлчээрийг улирал харгалзахгүй эзэмшүүлж, зах зээл, дэд бүтцийн шугам, сүлжээ дагаад хөгжиж эхэлж байгаа фермерийн аж ахуйнуудын газартай холбоотой асуудлыг нь эрх зүйн хувьд бүрэн шийдэж, хөгжилд нь түлхэц өгнө.

Бэлчээрийг эзэмшүүлэх үзэл баримтлалыг үйл хэрэг болгох нь

Бэлчээрийн хүрээнд хуримтлагдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төрийн зохицуулалт нь бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрөөс бүрдэнэ.

Бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчныг “Монгол улсын иргэнд өрхөөр нь болон хэсэг бүлгээр нь бэлчээрийг эзэмшүүлж болно” гэсэн ганц өгүүлбэрийг Газрын хуульд оруулах замаар шийдэх нь хамгийн хялбар гарц юм. Учир нь бүс нутаг, аймаг, сумаар эрс ялгаатай байгаа бэлчээрийг эзэмшүүлэх шаардлага буюу тохироо, арга зам, хугацаа, хамрах хүрээний маш нарийн олон асуудлыг хуульчлах гэж оролдох нь бүтэшгүй бөгөөд шаардлагагүй юм. Эдгээр асуудлыг малчид өөрсдөө хэлэлцэж, баг, сумын хурал, захиргааны шийдвэрээр дамжуулан хэрэгжүүлэх нь  зөв юм. Зарим онцлог асуудлыг тухайлбал, цаг агаар хүндэрсэн нөхцөлд бие биеийн нутагт харилцан орох эрх, үүрэг, бусдын эзэмшсэн нутаг дээгүүр дайран өнгөрөх журам зэргийг бэлчээрийг эзэмшүүлэх гол хэрэгсэл болсон эзэмшигчидтэй байгуулах гэрээгээр зохицуулж болно. Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээний агуулга, дэг жаягийг одоогийн Газрын хуульд заасан тулд үүнд багтаан шийдвэрлэх боломжтой. Харин бэлчээр эзэмших малчны бүлэг нь эзэмших газрын хил заагийн асуудлаар залган орших хөрш малчидтайгаа заавал зөвшилцсөн байхыг газар эзэмшүүлэх  шийдвэр гаргах нөхцөл болгох нь маргаанаас урьдчилан сэргийлэх гарц юм.

Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг орон нутагт хэрэгжүүлэх нь нарийн мэдрэмж, чадвар шаардсан чимхлүүр ажил юм.  Энэ ажилд баримтлах гол зарчим нь яаран компаничалж болохгүй, бэлтгэлийг маш сайн ханган чадварлаг  хяналтын дор шат дараатай хэрэгжүүлэхэд оршино.

Зарим газар бэлчээрийг эзэмшүүлэх тохироо аль хэдийн бүрдчихээд эзэмшүүлэх асуудлыг хойшлуулах нь хөгжлийг хойш татагч хүчин зүйл болоод байхад зарим газар бэлчээрийн даац хүрэлцээтэй, иймээс уламжлалт аргаар малчид бэлчээрээ доройтуулахгүйгээр ашиглаад  явах боломж өнөөдөртөө байна. Түүний хажуугаар өнөөгийн зохицуулалтгүй замбараагүй тогтолцоог өөрийн явцуу сонирхолд овжин зохицуулж, бэлчээр, усны соргогийг дураар нүүн ашигладаг, энэ байдлаа хадгалж үлдэх сонирхолтой голдуу чинээлэг цөөн малчид бий. Гэвч малчдын дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь бэлчээрийг эзэмшүүлэхийг аль ч тохиолдолд дэмжиж байгааг 2007 онд нийт бүс нутгийг хамруулан явуулсан семинар, судалгааны үр дүн  харуулж байна.

Бэлчээрийн менжемент нь шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг байдаг тул орон нутгийн онцлог мэдлэг, орчин үеийн менжементийн түгээмэл зарчим, туршлага аль аль нь хэрэг болно. Эзэмшүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэдээ тухайн сум, багийн малчдын оролцоог манай улсад сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хэрэгжсэн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хуримтлагдсан туршлага, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн чадавхитай хослуулах нь зөв шийдэл юм.

Бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчин бүрдмэгц түүнийг орон нутагт дараахь арга замаар хэрэгжүүлэх саналтай байна.

  1. Бэлчээрийг эзмшүүлэх ажлыг стратегийн удирдлагаар хангах, хяналт тавих чиг үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, мэргэжлийн бусад төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотой бүтцээр хэрэгжүүлэх
  2. Нийт аймгийн газрын албад, сумдын засаг дарга, газрын даамал, хүнс, хөдөө аж ахуйн түшмэд нарыг өөрсдийн суманд бэлчээрийг эзэмшүүлэх шаардлага, боломжийг зөв үнэлэх, баг малчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх чадавхийг нэн шаардлагтай байгаа аймаг сумдаас эхлэн танхимын сургалт, тэргүүн туршлага солилцох, бодит загвар дээр үзүүлэн таниулах аргаар шат дараатай зохион байгуулах. Энэ ажилд нэн чадварлаг мэргэжлийн багийг сонгон шалгаруулж  ажиллуулах
  3. Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг бэлчээрийн менжеметийн чиглэлээр  төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байга доноруудтай зөвшилцөж, үлдэх хэсгийг Монгол улсыг хөгжүүлэх сангаас гарган нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.

Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан